You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.

МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Монгол улсын ерoнхийлөгч

МОНГОЛЫН
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Мэдээ мэдээлэл, Арга хэмжээ, Ярилцлага

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зүүн болон говийн бүсийн телевизийн сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийв

2017-04-28 Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ 4 дүгээр сарын 24-25-нд Дорнод аймагт ажиллах үеэрээ орон нутгийн телевизийн сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийв. Уулзалт, ярилцлагад Монголын мэдээ телевиз, Eagle телевиз,  Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн сэтгүүлчид оролцлоо.

Уг уулзалт, ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын мэдээ телевизийн сэтгүүлч Б.Батбаяр: -Сайн байцгаана уу, үзэгчид ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрсөн найман жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны биелэлтээ танилцуулахаар Дорнод аймагт ажиллаж байна. Бид энэ сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой ярилцах гэж байна. Бидэнтэй хамт Eagle телевиз, зүүн болон говийн бүсийн орон нутгийн телевизийн сэтгүүлч, сурвалжлагч нар ажиллаж байна.

Ингээд эхний асуултыг асууя. Та Дорнод болон бусад аймгаар бодлого үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулж явна. Энэ талаар товч танилцуулахгүй юу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажиллалаа. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар иргэдэд мэдээлэл хийж, ярилцах зорилготой явж байна. Хамгийн гол нь хийсэн ажлынхаа талаар танилцуулга хийнэ. Дорнод бол манай зүүн бүсийн гол аймаг. Дорнод аймгийн зэргэлдээ орших Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговиос хэвлэлийн төлөөлөгчид энд хүрэлцэн ирсэн байна. Сэтгүүлч та бүхнээрээ дамжуулаад тухайн аймгийнхаа ард иргэдэд ажлаа тайлагнах боломж гарч ирж байгаад баяртай байна.

Дорнод аймгийг 1943 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг. Сая Сүхбаатарын одонгоор шагналаа. Төрийн дээд энэхүү шагналыг Дорнод аймагт гардуулах ажлаар бид ирсэн. Дорнод аймгийн эдийн засаг 2016 онд 9.6 хувиар өссөн. Энд үйлдвэрлэл, үйлчилгээ сайн хөгжиж байна. Дорнод 2030 он хүртэл хөгжлийн хөтөлбөрөө гаргасан. Мөн Дорнод нь манай хоёр хөрштэй хиллэдэг. Хоёр хөршийн эдийн засагтай уялдуулан хөгжлийнхөө хөтөлбөрийг гаргасан. Энэ аймагт болж буй сайн зүйлийн талаар өчигдөр бид сайтар ярилцсан.

“Дорнод” телевизийн сэтгүүлч Алтанцэцэг: -Дорнодчуудын хувьд өчигдөр баярын өдөр байлаа. Манай аймаг 70 гаруй жилийн дараа Сүхбаатарын одон авлаа. Нийт дорнодчуудын өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Та сая хэллээ, өчигдрийн уулзалтаар ч ярьсан. Дорнод аймгийн хөгжил сайн, бүтээн байгуулалт их байгаа гэж. Дорнод аймгийн өнөөгийн хөгжил болон цаашдын чиг хандлагын талаар чухам ямар бодолтой байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Энэ шагнал бол зөвхөн Дорнод аймгийг шагнаж байгаа юм биш, зүүн бүсийн нийт иргэдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж байгаа гэж харж болно. Дорнод аймагт ажиллаж амьдарч байсан үе үеийн иргэдийг шагнаж байгаа. Дорнод аймаг бол улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангахад их хувь нэмэр оруулсан. Халхын голын дайн, Чөлөөлөх дайн гээд яривал зүүн бүсийн аймаг, ялангуяа Дорнод аймаг чухал үүрэгтэй байсан. Энэ ахмад үеийнхний хөдөлбөр зүтгэлийг үнэлж байгаа. Мөн өнөөгийн бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмэр оруулж буй хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж байна. Энэ нутгаас олон удирдагч төрж гарсан байдаг. Ардын хувьсгал, ардчилсан хувьсгалын олон удирдагч энэ аймгаас төрсөн байдаг. Энэ үүднээс Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс энд төрсөн.

Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн хөгжил сайн байж хүний хөгжлийн индексээр улсдаа тэргүүлэх байр суурьтай байгаа. Бүх аймаг дээр өрсөлдөх чадварын судалгаа гэж гаргадаг. Дорнод аймаг бизнес хийх орчноор улсдаа хоёрт ордог. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн орчин хамгийн сайтай аймгийн тоонд багтдаг. Нэг аймаг сайн байвал тухайн бүс нутагт оршин суух иргэдийн амьдрал улам сайжирна гэсэн үг. Энэ бүхнийг урамшуулж Сүхбаатарын одонгоор шагнасан.

Өмнөговь аймгийн телевизийн сэтгүүлч Энхцэцэг: -Та хувь хүний хөгжлийн талаар их ярьдаг. Дунд сургуулийн сурагчдад байгалийн шинжлэх ухааны хичээлээр нь дамжуулан экологийн боловсрол олгох талаар та ямар бодолтой байна. Мөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих талаар ямар бодолтой байна?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Монгол Улс ард иргэдийнхээ оролцоог урамшуулж, тэдэнтэй зөвлөлдөж асуудлаа шийдэх, цаашид хөгжих замаар урагшилж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны өдрөө Төрийн ордон дахь өөрийн өрөөг Иргэний танхим болгох ажлыг хийсэн. Одоо бүх аймаг, сум Иргэний танхимтай болжээ. Улаанбаатар хотын бүх дүүрэг, хороо Иргэний танхимтай болоод байна.

Манай орон нутгийн удирдлагууд ч адилхан, гаргах гэж буй шийдвэрийн өмнө иргэдээсээ саналыг нь сонсдог ийм сайхан уламжлал тогтсон. Ард иргэдийн санааг хамгийн ихээр зовоодог асуудлын нэг бол мэдээж байгаль орчны асуудал шүү дээ. Монголын цаг агаар хуурай учраас байгаль орчин нь эмзэг байдаг. Манай орны байгалийн баялаг голдуу говийн ус багатай бүс нутагт байдаг. Тэгэхээр энэ бүхнийг бид зөв ашиглаж зохицуулах хэрэгтэй. Бид байгаль орчинтойгоо нягт уялдаатай амьдарч ирсэн. Иймээс бид энэ бүхнийг хөрөнгө оруулагч нартаа ойлгуулан хамтарч ажиллах хэрэгтэй.

Үүний дагуу бид иргэний боловсрол, байгаль орчны боловсрол гэдэг хичээлийг анх санаачилсан. Монголчуудын уламжлал ёс заншил гол төлөв байгальтай холбогдсон байдаг. Байгалиа хэрхэн шүтэх вэ, уул устайгаа хэрхэн харьцах вэ гэх мэт. Энэ хичээлийг бага ангиас эхлээд орж байгаа. Сайн иргэн, сайн хүн болж төлөвшихөд бид хүүхдээ багаас нь сургаж байна. Эхлээд бид хүүхдээ монгол хүн болгоё. Түүхээ мэддэг, эх орноороо, байгалиараа, уламжлал ёс заншлаараа бахархдаг. Тэгээд монгол хүмүүжилтэй болгоё. Дараа нь бусад орны хэл, ёс заншлыг судлаад явах боломжтой. Энэ чиглэлээр нэмж хийх ажлууд бидэнд их бий.

Миний нийт хийсэн ажлыг бараг гуравны нэг хувь нь энэ чиглэлд хийсэн байна. Тухайлбал, Монголын түүх, өв соёл, байгаль орчинтой холбоотой. Удахгүй мод тарих өдөр болох гэж байна. Жилд хоёр удаа мод тарих үндэсний өдрийг зохион байгуулдаг болсон. Манай Дорнод болон говь, тал нутгийн аймгууд энэ ажилд идэвхтэй оролцдог. Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулаад аймагтаа мод тарьдаг болсон. Иргэд маань мөн хашаа хороондоо мод тарих ажилд их анхаардаг болсон. Бидний хүрээлэн буй орчин сайхан байвал бидний сэтгэл санаа сайхан байдаг шүү дээ. Энэ ажил цаашид уламжлал, соёл болоод яваасай гэж бодож байна.

Дорноговь аймгийн телевизийн сэтгүүлч Энхзул: - Зүүн бүсийн сэтгүүлчидтэй уулзаж байгаад баяртай байна. Гадаад харилцааны чиглэлээр та дорвитой ажлууд хийсэн нь миний сонирхлыг татсан. Тухайлбал, АСЕМ-ыг амжилттай зохион байгуулсан, Монгол Улс, ОХУ, БНХАУ хоорондын гурван талт хэлэлцээрийг түүхэнд анх удаа зохион байгуулж, эдийн засгийн коридор байгуулах тухай хэлэлцээрийг баталсан. Тэгэхээр энэхүү ажлууд нь одоо ямар явцтай урагшилж, ямар үр дүнд хүрээд байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Монгол Улс өвөрмөц байршилтай. Дэлхийн хоёр их том гүрний дунд оршдог. Нэг нь хамгийн их газар нутагтай, нөгөө нь хамгийн их хүн амтай. Иймээс Монгол Улсын гадаад харилцаа өргөн хүрээтэй байж, том хэмжээнд сэтгэх шаардлагатай. Нөгөө талаас, Монголын гадаад харилцаа бол аюулгүй байдал, хөгжил дэвшил, дэд бүтэцтэй холбоотой асуудал. Энэ салбарт бид сүүлийн жилүүдэд нэлээд санаачилгатай ажилласан. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Монголын цөмийн зэвсэггүй байх статусыг баталсан. Энэ бол бидний хувьд чухал шийдвэр. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 52 дахь гишүүнээр Монгол элссэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Европын орнууд Монголын аюулгүй байдлын төлөө хамтран ажиллах хариуцлага хүлээж байгаа. Бид үүгээр дамжуулаад өөрийн тусгаар тогтнол аюугүй байдлаа баталгаажуулж байгаа. Ингээд яриад байвал олон зүйлийг ярина.

Сүүлийн жилүүдэд гадаад харилцааны салбарт гаргасан амжилт бол олон жилийн турш явуулж ирсэн бидний бодлого, хамтын ажиллагааны үр дүн юм. Сая эдийн засгийн коридорын талаар асуусан. Энэ их чухал асуудал.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд анх удаа уулзаж, энэ уулзалтыг тогтмол болгох талаар тохирсон. Гурван улсад хамаатай, ялангуяа Монголд хамгийн ихээр хамаатай асуудал олон байна. Тухайлбал, төмөр зам, авто зам, хил, гааль гээд чухал асуудал байна. Жишээ нь, хил дээр Монголын хилээр шалгуулсан тээврийн хэрэгслийг Хятадын хилээр шалгахгүй өнгөрөөх ч юм уу. Иймэрхүү байдлаар үйл ажиллагааг хөнгөвчлөх асуудал байна. ОХУ руу манай улсын иргэд визгүй зорчдог болсон. Энэ мэт иргэдэд тустай арга хэмжээ олныг авсан.

Хамгийн сүүлчийн гурван талт уулзалтын үеэр бид эдийн засгийн коридор байгуулахаар тохирсон. Монголыг дамжуулаад төмөр зам байгуулъя гэж ярьсан. Төмөр замын сүүлийн үеийн томоохон төслүүд Монголыг тойроод байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Энэ нь Монголыг гадуурхаад байгаа хэрэг биш юм. Аливаа улс орон өөрийн газар нутагт нэг км ч болов зам илүү тавихыг л боддог. Манай хоёр хөрш зүүн хэсгээр төмөр зам тавьдаг нь тэнд оршин суугаа иргэддээ хүрэхийг л бодож байгаа. Нөгөө талаар Монголоор дайруулаад төмөр зам тавих нь бидэнд ч хэрэгтэй, төмөр замын хувьд дөт болох ашигтай юм.

Эдийн засгийн коридорыг дагаад 32 төслийн тухай яригдаж байна. Гурван орон хамтраад хэрэгжүүлэх боломжтой 32 төсөл байна. Эхний ээлжинд судалгааг нь гаргах гээд ажиллаж байгаа. Гурван улсын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг боловсруулж, судлах төвийг Улаанбаатар хотод нээхээр ярилцаж байна. Манай дарга нар гадаадын төлөөлөгчидтэй ажил ярьчихдаг. Гэтэл тэр ажил нь үндэслэл, судалгаагүй байдаг учраас хэрэгждэггүй. Тэгэхээр хоёр хөршийн болоод Монголын төлөөлөгчдийг оролцуулсан судалгааны төв байгуулъя. Тал талынхаа саналыг судалгааны төвөөр дамжуулан авъя гэж байгаа. Судалгааг олон улсын түвшинд хийе гэж ярилцаж байна. Энэ чиглэлээр ирэх жилүүдэд дэвшил гарна гэж бодож байна.

Энэ ажлыг хэрэгжвэл бидэнд сайн талтай. Ялангуяа Дорнод аймгийн хувьд давуу талтай болно. Энэ нутгаар дамжуулаад хоёр хөршийн төмөр замтай холбогдох боломжтой байна. Үүнийг дагаад бизнесийн орчин сайжирч, ард иргэдийн амьдрал ахуй дээшлэх юм. Хамгийн гол нь энэ бүхний суурийг хэдийнэ тавьсан. Мөн Азийн томоохон авто замын сүлжээг Монголоор дайруулах нь чухал. Баруун талаар Казахстанаар дамжаад, зүүн талаар Монголын хилээс цааш төмөр зам тавьж, бид орхигдох гээд байна. Тэгэхээр бид энэ сүлжээнд нэгдэх хэрэгтэй.

Монгол далайд гарцгүй орон. Бид голдуу Тяньжины боомтоор үйлчлүүлдэг. Гэтэл өөр боомт, гарц бидэнд хэрэгтэй. Нөгөө талаас хилийн цаана орших хөрш орны иргэд манай улсад бас зочлох, жуулчлах сонирхолтой байна. Энэ боломжийг олгох хэрэгтэй. Ингэвэл бид хөгжинө, Говийн бүсийн, хязгаар нутгийн иргэдийн аж амьдрал дээшлэх боломжтой болно. Энэ сайн эхлэлийг үргэлжлүүлээд ажил хэрэг болгоно гэж найдаж байна...