You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.

МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Монгол улсын ерoнхийлөгч

МОНГОЛЫН
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Мэдээ мэдээлэл, Арга хэмжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баруун бүсийн сэтгүүлчидтэй уулзлаа

2017-05-19 Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баруун бүсийн сэтгүүлчидтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд аймагт ажиллах үеэрээ баруун бүсийн сэтгүүлчидтэй уулзлаа. Уг уулзалтад баруун бүсийн Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Завхан зэрэг зургаан аймгийн сэтгүүлчдийн төлөөлөл иржээ.

ММ телевизийн сэтгүүлч Т.Үүрцайх: -Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн сэтгүүлчид энд цуглаад байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаагийн уулзалтаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгнө.

Монгол Улсын Ерөнхийлөгч та тун удахгүй ажлынхаа халааг өгөх гэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль тун удахгүй болох гэж байна. Та энэ сонгуулийн өнгийг хэрхэн харж байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Та бүхнийхээ түмэн амгаланг айлтгая. Монгол нутгаараа тойрч, хэвлэл мэдээллийнхээ хүмүүсийн оролцоотойгоор нийт ард иргэдтэйгээ мэндчилж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж байна. Энэ үйл ажиллагаа цаашдаа жишиг болох байх гэж бодож байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа ид эхэлж байна. Миний харж байгаагаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллана гэдэг бол сорилт болон өндөр нэр хүндийн асуудал байдаг. Ерөнхийлөгчөөр сонгогдвол би ийм ажил хийнэ гэж ярихаасаа илүүтэй ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч юу хийж чадах вэ гэдгийг бодох нь зөв юм гэж санагддаг.

Ерөнхийлөгчийн эрх үүргийг хуулиар маш сайн тодорхойлж өгсөн. Дээр нь Монгол Улсын оршин байдаг газар зүйн байршил, бусад олон онцлог зүйлс бий. Бидэнд хиймээр, хэрэгжүүлмээр олон бодлого, санаа орж ирдэг. Тэр бүхнийг хэрэгжүүлэх боломж бүрддэггүй гэдгийг хэлэх нь зөв байх. Би хувьдаа ингэж боддог. Өнгөрсөн хугацаандаа монголчууд асар хэрсүү болсон. Улс төрийн хувьд их туршлагатай, мэдрэмжтэй болсон. Тэгэхээр ард түмнийхээ сонголтод итгэх ёстой. Нэр дэвших үйл явц явж байгаа. Би ч гэсэн энэ нэр дэвших үйл явц, сонгуулийн үйл явцыг ойрхоноос ажиглана. Энд тайлбар тавьж аль нэг нэр дэвшигчийн тухай ярихдаа болгоомжтой хандах ёстой.

Монголын 3 сая 140 мянган ард иргэд өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх ёстой. Иймэрхүү маягаар л сонгуулийн хаалга нээгдэж байна. Хүмүүс өөр өөрсдийнхөө дүнг тавьж, өөр өөрсдийнхөөрөө дүгнэн цэгнэж, сонголтоо хийх байх гэж найдаж байна.

Баянхонгор аймаг, “Өнөөгийн Баянхонгор аймаг” сонины сэтгүүлч П.Санаадагва: -Монгол Улсын ирээдүйн Еөрнхийлөгчийн зан чанар, шинж чанар нь ямархуу хүн байвал илүү тохиромжтой гэж та боддог вэ? Та улстөрд 27 жил зүтгэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман жил улиран ажиллаж байгаа. Энэ талаар хариулт авья гэж бодож байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ерөнхийлөгчийн алба гэдэг бол энэ суудал дээр Монголынхоо төлөө юм боддог хүнд юм бодогдуулдаг алба. Ямар хүнийг сайн улстөрч гэх вэ гэж надаас сэтгүүлчид асуудаг. Миний хариулдаг хариулт бол сайн улстөрч бол есөн шид нь бүрдсэн байх ёстой гэж би хэлдэг.

Нэг зүйл амлаад зөвхөн нэг үйл ажиллагаагаар тодордог биш, үнэхээр есөн шид нь бүрдсэн байх ёстой. Наад зах нь хэвлэлтэй яаж харьцах вэ, ард иргэд яаж харьцах вэ, улстөрийг яаж ойлгож, эдийн засаг, улс орон, бүс нутаг, гадаад орчин, олон улсын байдал гээд энэ бүхнийг ойлгож мэддэг орчин үеийнхээ чиг хандлагыг мэддэг. Дээрээс нь өөрийн гэсэн үнэлэмжтэй. Улс орон, ард түмэнд хамгийн их эрхэмлэвэл зохих юу байж болохыг мэддэг. Үнэт зүйл, баримталдаг зарчимтай, зөрчилдвөл шийдвэрээ ямар нэгэн хүчний нөлөөн дор гаргадаггүй, ийм хүн байх ёстой гэж би хувьдаа боддог.

Ер нь Монгол Улсад хүчтэй ухаалаг удирдагч хэрэгтэй орон юм. Хүчтэй удирдагч гэдгийн цаана би юу хэлж байна гэхээр ямар нэгэн сонирхолд бууж өгдөгггүй л байх ёстой. Их мөнгө хараад, эсвэл том хүч хараад, гадна дотнын юуг ч хараад өөрийнхөө зарчмаас ухардаггүй, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгаас ухардаггүй байх хэрэгтэй.

Ер нь ард иргэдийн нийтлэг эрх ашиг, физикийн хууль хоёр адилхан гэж би боддог. Нар бүх хүн дээр тусдагтай адил ард түмний нийтлэг эрх ашиг гэдэг бол тийм л зүйл. Түүнийг өмнөө тавьж чаддаг хүн байвал дээр юм даа гэж боддог юм. Дээрээс нь миний бас нэг боддог зүйл бол ухаалаг хүн байх ёстой. Ухаалаг гэдэг бол алдаа гаргаж болно. Хамгийн гол нь алдаанаасаа суралцдаг. Алдаанаасаа суралцаад хууль дүрмээ яаж өөрчлөх вэ гэж сургамж авдаг хүн л улс төрд  их хэрэгтэй юм. Дэлхийн улс орнуудын урагшлаад байгаа замыг харахад ер нь тийм улс орон урагшлаад байгаа юм. Мэдээж унаган хүмүүжил их чухал.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн босго гэдэг бол намхан босго биш. Өндөр босго. Хүн бүхэнд олдоод байдаг хувь заяа биш. Хүн бүр өөрийн гэсэн шалгууртай хандах байх гэж бодож байна.

Ховд аймгийн “Жаргалант” телевизийн сэтгүүлч Х.Алтантуяа: -Та Монгол Улсад ардчилсан хувьсгал эхлүүлснээс хойш УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Төрийн тэргүүнээр найман жил ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд улс төрд хат суусан хүн гэвэл таныг нэрлэх байх. Улс төрөөс ямар сургамж авч үлдсэн бэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Сургамж гэвэл улс төрд хэцүү сорилттой зүйлийг урьдчилан харж сэргийлэх боломж бага байдаг. Миний авсан сургамж бол тэр дундуур хамтдаа явах ёстой юм байна. Нээлттэй байдалд их дуртай. Хүн бүхэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байдалд их дуртай. Хүн бүхэн өөрийнхөөрөө алдаж онож урагшлахад дуртай. Зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч ухаантай байгаад, сургамж аваад, энэ улс орны хөгжил урагшлахад хэцүү. Нийт ард иргэдээрээ ойлгох юм бол бид урагшаа явах боломжтой гэж боддог.

Улс төрөөс авч байгаа сургамж бол миний санаачлаад байгаа хуулиуд байгаа юм. Улс төрийн намын дансыг шилэн болгох, хариуцлагатай болгох, улс орны эрх ашгийн төлөө зүтгэдэг болгох, улс төрийн намуудыг орчин үеийн хөгжилтэй улс орнуудын түвшинд аваачих хууль эрх зүйн  түвшин өнөөдөр Монголд хэрэгтэй байгаа юм. Үүнийг санаачилж УИХ руу оруулсан. Харамсалтай нь энэ дэмжигдэж батлагдахгүй байгаа.

Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хууль баталж байгаа хүмүүс сайн байхаас гадна ард түмэн үүнийг хүсэж шахах ёстой юм. Манай хүмүүс сонгуулийн үеэр л нэр дэвшиж байгаа хүмүүсээс хатуу асуулт асуудаг юм уу, ирээд уулзахад нь шүүмжилж ярьдаг. Яг түүнийхээ хойноос хэвлэл мэдээлэл, ард олон явдаг байх ёстой. Улстөрчид ард түмний салхины чиг хаашаа байна. Ард иргэд хаашаа байна, түүнийг дагах гэдэг хүмүүс шүү.

Төрийн албаны цоо шинэ хуультай болох хэрэгтэй. Төрийн албыг дуртай нь бужигнуулж болохгүй. Төрийн алба бужигнаад байвал улс орны аюулгүй байдалд хүртэл нөлөөлөх юм гээд бид дүгнэлт хийчихсэн. Одоо улстөрчдийн хамгийн гол даалгавар бол тэр дүгнэлтээ хууль, бодлого болгож гаргах хэрэгтэй. Бодлого гэж манай улстөрчид ярих их дуртай байдаг. Бодлогыг юугаар тодорхойлдог вэ гэхээр хуулиар тодорхойлдог. Өөрчлөлт гэж их ярьдаг. Хуулийг өөрчилж байж тэр өөрчлөлт ирдэг юм. Намд байгаа болохгүй байгаа юмыг өөрчилье гэвэл хуулиа л өөрчлөх хэрэгтэй. Тэр тоглоом буруу явж байгаа бол тоглоомын дүрмийг сайжруулах хэрэгтэй. Миний авсан хамгийн гол сургамж бол энэ юм.

Ерөнхийлөгч хүн ажиллаж байгаад яваад өгөхөд өөрийнхөө бодсон санасан зүйлтэй яваад өгөх биш. Бид Монгол төрийн хар хайрцагны бодлого гэж ярьдаг. Яг үнэндээ би ингэж яваад, ард иргэдтэй уулзаж тайлан тавиад, хийсэн ажлынхаа тухай яриад байгаа нь тэр хар хайрцгаа л нээж байгаа юм. Бид ийм ийм зүйл хийлээ, энд алдаж байна. Цаашдаа ийм зүйл дээр анхаарах хэрэгтэй гэж түүн дээр тогтоод, шийдэх зүйлээ цаг тухайд нь шийдээд явах хэрэгтэй. Өнөөгийн эрх баригчид хариуцлагыг бий болгохгүй бол дараагийн улсууд үүнийг чинь амлаж гарч ирнэ шүү.

Хэдийгээр эрх баригч гээд сууж байгаа ч гэсэн энэ асуудлыг шийдэхгүй бол дараа нь ард түмэн хариуцлагаа тооцдог нийгэм рүү бид орсон гэдгийг манай улстөрчид шийдвэр гаргагчид байнга анхаарч байх ёстой. Улс төрөөс авсан сургамж гэвэл үүнийг л хэлье дээ.

Баян-Өлгий аймгийн TV4 телевизийн сэтгүүлч Б.Жасдаурин: -Монгол орны өнөөгийн улс төрийн тогтолцоонд ямар дутагдал байна гэж та боддог вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Улс төрийн тогтолцоонд байгаа дутагдал гэдэг талаар олон зүйлийг хэлж болно. Ер нь би хэлдэг, бид нээлттэй нийгэм сонгож авсан. Үүнийхээ жамаар явж байгаа. Ер нь гол дутагдал бол улс төр дотроо л байгаа. Улс төрд байгаа хамгийн гол дутагдал бол Монголын төр бизнесээсээ том болчихлоо. Хийж бүтээж байгаа хүмүүсээсээ том болчихлоо. Монголын төрийн ашиглаж байгаа, хэрэглэж байгаа зүйл, нэг үгээр хэлбэл төсөв нь дэндүү их байна. Бид хийж бүтээж байгаа зүйлийнхээ 60 орчим хувийг төрийнхөө зардалд зарж байна.

Монгол шиг улсын хувьд, сайн засаглалтай сайн улсыг аваад үзэхэд 20 орчим хувьд л эргэдэг. Тэгэхэд Монгол Улсын төрийн зардал гурав дахин өндөр байна. Үүнийг бид хуульчлаад зарчим болгох хэрэгтэй. Ойрын жилүүдэд 40 дээр аваачих ёстой. Ер нь 40-өөс дээш гарах юм бол тэр Засгийн газартай хариуцлага тооцдог. Сангийн сайдтай хариуцлага тооцдог. Энэ заалтуудыг маш тодорхой оруулж өгөх хэрэгтэй. Ингэж байж л бид энэ улс төрийн дутагдалтай талаас ангижрах боломжтой гэж би хувьдаа боддог.

Дээрээс нь өр, зээлийн тухай ярьж байна. Өр, зээл дээр Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн гээд хэмжүүр байгаа юм. Түүнийхээ олж байгаа хэмжээний 60-80 хувиас илүү гарахгүй. Одоо бол 80 –аас илүү гараад явсан. Манай Засгийн газар асар өндөр арилжааны зээл аваад байгаа. Тэр нь юу вэ гэхээр Засгийн газрын бонд гэж зарцуулж байгаа. Үүнийг эргээд л ард түмэн төлдөг. Засгийн газраар дамжуулаад төлдөг. Дотоодын банкууд нь худалдаж авдаг, эргээд дотоодын банкиндаа өртэй болж байгаа юм. Засгийн газар ямар зээлийн хойноос явах вэ гэхээр 40 жилийн хугацаатай, 0,5 хувийн хүүтэй, нэг хүрэхгүй хувийн хүүтэй зээлийн хойноос явах хэрэгтэй.

Жилдээ 2 хувийн хүүтэй зээлээс дээш зээл байх юм бол Засгийн газар оролцох, авах шаардлагагүй. Манай арилжааны банкууд, аж ахуйн нэгжүүд түүний хойноос явж болно. Харин Засгийн газар түүнийхээ оронд зээлжих зэрэглэлээ дээшлүүлж байх хэрэгтэй. Монгол Улсын зээлжих зэрэглэл гэж байдаг. Энэ их доошиллоо. Сүүлийн  гурав дөрвөн жилд 5 хувиар доошилсон. Бараг чиний өгч байгаа 100 долларын 30 нь байхгүй гэж тооц гэвэл ямар ч банк зээл өгөхгүй. Өнөөдөр 15 хувиа тэгж тооц гэж байгаа. Та бүхэн ч гэсэн өнөөдөр хүнд 100000 төгрөг зээлье. 30 мянга нь байхгүй шүү гэвэл та зээлэх үү. Хэзээ ч зээлэхгүй. Тэр зээлийг маш хурдан буцаагаад өгдөг. Баярлалаа гээд, 10 төгрөг нэмээд өгдөг хүнд хамгийн түрүүнд зээлнэ. Тэгэхээр улс маань ийм хэлбэрт орчихоод байна.

Энэ нь өөрөө энэ Засгийн газар явуулж байгаа бодлогоос болоод байгаа юм. Хэт улстөржсөн. Ард иргэдийнхээ амьдрал руу анхаараагүйгээс болж байгаа юм. Энэ сургамжийг бид авлаа. Бид үүнийг хамтдаа хийсэн алдаа гэж үзэж болно. Одоо үүнийгээ засъя. Одоо зогсооё. Бид нүүдэлчин улсууд. Нүүж яваад тэмээнийхээ ачааг чангалаад цаашаа нүүдэг. Одоо бол ачаагаа чангалах цаг болсон гэдгийг хэлье.

Увс аймгийн “Увс” төв телевизийн сэтгүүлч Амарсанаа: -Та улс төрөөр олон жил туршлага хуримтлуулсан хүн. Монгол Улс цаашдаа Ерөнхийлөгчийн засаглалтай болох юм бол илүү их зүйл гарах болов уу гэж би хувьдаа бодож байна. Таны бодол ямар байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Энэ засаглалын тухай их ярьдаг. Миний баримталдаг бодлого бол байгаа юмаа тордож явсан нь дээр гэж боддог. Хэдийд юм үнэтэй, зөв болдог вэ гэхээр олон жилийн аяыг даасан юм үнэтэй байдаг шүү дээ. Хөөрөг ч гэсэн, хүний эдэлж байгаа юм ч гэсэн яг түүнтэй адилхан. Цаашдаа бид парламентын засаглалаа тордох хэрэгтэй. Манай парламентын засаглал дотор нэг дутагдал байгаа. УИХ руу бүх эрх мэдлээ өгчихсөн. УИХ гэдэг бол хууль тогтоох байгууллага. Үндсэн хуульд юу гэж нэрлэсэн бэ гэхээр төрийн эрх барих дээд байгууллага гээд нэрлэчихсэн.

Уг нь төрийн эрх бол ард түмэнд байна гэж байдаг. УИХ бол хуулиа тогтооно. Засгийн газар бол гүйцэтгэнэ. Шүүх бол шүүнэ гэдэг байдлаар явах ёстой. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага учир хуулиа л ярья. Тэр томилгооноос татгалзая. Ихэнх парламентын засаглалтай улс орнуудын парламент Засгийн газрын гишүүнээ томилдоггүй.

Тэр бүү хэл, Ерөнхий сайдаа ч томилдоггүй. Олонхи болсон нам нь Ерөнхий сайдаа тодруулаад ирэх юм бол Ерөнхийлөгч нь шууд батламжлаад л явдаг. Засгийн газрын гишүүнээ оруулаад ирэх юм бол Ерөнхийлөгч нь шууд батламжилдаг. Батламжлах ёстой гээд хуулин дээр заагаад өгчихсөн, Ерөнхийлөгч буцаах эрхгүй. Ерөнхийлөгч түүнийг баталгаажуулаад зарлиг гаргаад явчихдаг юм. Иймэрхүү байдлаар гүйцэтгэх засаглалаа чадамжтай болгох хэрэгтэй. Манай гүйцэтгэх засаглал саажилттай байна.

Айл бүрт ажил хийдэг, амьдралаа авч явдаг гайгүй ажилтай, амьдралтай, бизнестэй хүн байдаг. Тэгвэл улс оронд тэр нь Засгийн газар нь юм. Засгийн газар нь шаварт суучихсан байхад бүгдээрээ шаварт суусан мэт явж чадахгүй, хөдөлгөөнгүй байвал энэ ажил бүтэхгүй. Хариуцлагагүй, уламжлалт чанаргүй, хэлсэндээ хүрэхгүй байна гээд та бүхэн хэлээд байна. Тэр юунаас болдог вэ гэхээр УИХ дээр Засгийн газрын гишүүнийг дуудаж  ирээд хэдийд ч огцруулж магадгүй байдагтай холбоотой.

Манай улсын Үндсэн хуулийг бидэнтэй харьцдаг, ялангуяа хөрш орнууд маш сайн мэднэ. Тэд Засгийн газарт итгэдэггүй. Яагаад итгэхгүй байна гэхээр УИХ нь дуудаж оруулж ирээд аягүй бол огцруулчихна. Сайдууд нь бүхэл бүтэн Монгол Улсыг төлөөлж байгаа биш. Яг төлөөлж байна гэж албан ёсоор харагдаж байгаа боловч тодорхой фракц, улс төрийн бүлэглэлийг  төлөөлдөг. Ерөнхий сайдын шийдэх асуудал хэцүү, тэр бүр дэмжээд байхгүй. Тэр бүр улстөрчдийн таашаалд нийцэхгүй ажил хийдэг хүн л дээ, Ерөнхий сайд бол. Шийдвэр гаргах гэхээр УИХ дээр очоод гишүүд нь уягдчихсан. Шийдвэр гаргаж чадахгүй болохоор Засгийн газрын гишүүдийнхээ суудлыг яаж хадгалах вэ гэдэгт илүү санаа зовж явдаг.

Би Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан хүн. Хоёр удаа УИХ шийдвэр гаргаж огцруулж байсан. Тэр шийдвэрийг хожим харахад буруу л байдаг. Авлигатай тэмцэх, албан тушаалын ашиглалт гээд ийм зүйл дээр УИХ болон хамтарч ажилласан хүмүүстэй таарамжгүй байсан. Ард түмнээс хулгай хийвэл, төсвийн мөнгийг зувчуулбал, албан тушаалын хариуцлага алдвал өршөөхгүй шүү. Ийм хүмүүжилтэй. Манай Ховдынхон чинь шударга талын улсууд шүү дээ. Ер нь алдаа хийвэл хариуцлага тооцох ёстой, алганы амт үзүүлэх ёстой л гэж үздэг. Төрийн Ерөнхий сайд, төрийн Ерөнхийлөгч гэдэг бол хоёр гартай гэж үзэж болно. Нэг гар нь хатуу гар. Нөгөө гар нь өршөөдөг энэрдэг. Тийм л хувь заяа Ерөнхийлөгчид ногддог. Түүнээс биш дандаа энэрээд өршөөгөөд суугаад байдаг алба биш.

Ажлынхаа утга учрыг ойлгосон байх ёстой. Миний бодлоор бол Ерөнхий сайд Засгийн газрын танхимаа өөрөө бүрдүүлдэг. Чадвартай, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлдэг. Чадахгүй байгаа бол шууд хариуцлага тооцдог баймаар байна. Дээрээс нь парламентын засаглалын хоёр шинж байдаг. Нэгд, Ерөнхий сайд танхимаа бие даан бүрдүүлж байх хэрэгтэй. Хоёрдугаарт, өөрийнх нь шийдвэрийг дэмжиж баталж өгөхгүй бол УИХ-аа тараадаг байх. Тараана гэдэг бол ээлжит бус сонгуулийг зарладаг байна гэсэн үг. Заавал дөрвөн жил хүлээх хэрэггүй. Ер нь манайд Засгийн газар нь огцорч л байдаг, байгуулж л байдаг. УИХ нь тогтвортой байх ёстой гэсэн ийм юм тогтчихоод байгаа юм. Энэ бол маш буруу ойлголт.

Япон Улсаар жишээ авч үзвэл харин парламент нь хоёр жил ажиллаад ээлжит бус сонгууль хийж байдаг. Нөгөө улстөрчид нь, улс төр ярьдаг хүмүүс нь солигдож байдаг Засгийн газар нь тогтвортой байж байдаг. Ш.Абэ Ерөнхий сайд нийгмийн даатгалын асуудал оруулаад парламент нь дэмжихгүй болохоор нь шууд улс төрийн нөхцөл байдлыг харж байгаад ээлжит бус сонгууль зарлачихаж байгаа юм. Ш.Абэ Ерөнхий сайдын асуудлыг эсэргүүцэж байгаа улсууд сонгогдолгүй үлдээд, тэр бодлогыг дэмжиж байсан маш олон залуучууд парламент руу хүч түрээд ороод ирсэн. Бас хувьчлалын асуудал дээр тэгж байсан.

Манайд Ерөнхий сайдад байдаг үндсэн хоёр эрх алга байна. Танхимаа өөрөө бүрдүүлдэг, хариуцлагаа өөрөө тооцдог эрх алга байна. Бүр болохгүй бол УИХ-ын ээлжит бус сонгууль зарладаг тэр эрх байхгүй байна. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал энэ хоёр асуудал явах ёстой. Дээрээс нь манайхан бусад оронд ингэж байна гэж их ярьдаг. Одоо хэдүүлээ хууль хийхдээ бусад орон гэх биш, Монголоо бодож хууль хийе. Монголд юуг алдаад байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Монголынхоо сургамжийг бодож байгаад хууль хийе. Мэдээж бусад орноос харах, жишиж үзэх юм байж магадгүй. Яг Монголынхоо орчинд нийцсэн хууль хийе.

Монгол Улс гэдэг чинь дэлхийд ганц улс. Хоёр том гүрний дунд ганцаараа оршиж байгаа, өөрийн хэлтэй соёлтой. Монголтой ижил өөр улс байхгүй. Бидний амьдрал онцлог, байгаль цаг уур  бүгд өөр. Тиймээс эндээ нийцсэн хууль хийе.

Ховд аймгийн Алтай телевизийн сэтгүүлч: -АСЕМ-ийн уулзалтад та иргэн хүний хувьд ямар дүгнэлт өгсөн бэ? Та бүрэн эрхийнхээ хугацаанд үнэхээр хийчих юмсан гэсэн боловч арай хийж амжаагүй зүйл юу байсан гэж бодож байна?  

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -АСЕМ-ын уулзалтын тухай төрсөн нэг сэтгэгдэл байдаг. Ноднин хөдөө орон нутагт уулзалт хийгээд явж байхдаа настай хоёр хөгшнийд орсон юм. Ороод л, суугаад, “Ерөнхийлөгч ирлээ” энэ тэр гэж сүйд болоод, цай уугаад байж байтал “АСЕМ гэж сайхан юм боллоо” гэж тэр өвгөн, эмгэн хоёр хэлсэн. Нэг тийм сэтгэгдэл ард түмэнд хүрч дээ гэж би тэгэхэд ойлгосон. Багийн дарга, иргэд, ард түмний ам бүгдээрээ дагаад “АСЕМ гэж сайхан юм боллоо” гэсэн.

Энэ их сайхан болсны цаана Монголын ард түмний нийтийн зүтгэл байгаа юм. АСЕМ-ын эрхийг авна гэдэг бол Монгол Улсын нэрээр, Монгол Улсын нэр хүнд өндөр байсан учраас бидэнд өгч байгаа эрх шүү дээ. АСЕМ-ын нэр хүндээр бий болсон зүйл Монгол Улсад л ногдож байгаа. Одоо бол тийм хэмжээний олон улсын хурлыг хийх эрхийг Монголд өгөхдөө дэлхийн бусад орнууд татгалзахаа байсан. НҮБ, Онцгой байдлын чиглэлээр олон улсын том хурал болох гэж байна. Залуучуудын JCI гээд том хурал болох гэж байна. Парламентын том хурлууд болох гэж байна. Монгол хийж чадна. Сайхан хийсэн шүү дээ. Монголд итгэнэ ээ гээд өгдөг. Тэнд ерөөсөө эргэлздэггүй болсон. Зочид буудал нь болох уу, аюулгүй байдал нь ямар юм, хийж чадах уу, эдийн засаг нь дийлэх үү гэдэг асуудал асуухаа больсон.

Манай иргэд АСЕМ-д их мөнгө зарсан гэж ярьдаг. Яг үнэндээ бол 24 тэрбум төгрөг төсөвлөсөн. АСЕМ-ын анхны жилд 50 тэрбум зарцуулья гэж байсан юм. УИХ танасаар байгаад 24 тэрбумыг төсөвлөсөн. Түүний 21-ийг л зарцуулсан. Томоохон сумын төсөв л байхгүй юү. Түүний цаана юу үлдсэн бэ гэхээр тэр хуралд оролцсон, дэмжсэн, хамтарч ажилласан бүх хүмүүсийн сурсан зүйл үлдэж байгаа юм. Монголчуудын өөрсдийнх нь итгэл үлдэж байгаа юм. Бид ийм том хурлыг зохион байгуулж чадах юм байна гэсэн урам үлдэж байгаа.

АСЕМ-ын үеэр дэлхий нийтийг доргиосон үйл явдлууд болсон. Ази-Европын том удирдагч нар Монголд чуулж байхад тэр хүмүүс энэ талаар юу гэж хариулах бол, байр суурь нь юу байгаа бол гэж, тэр хоёр өдөр дэлхий даяар Монгол гэдэг нэр давтагдсан тоогоор 5 тэрбум удаа гарсан гэдэг. Энэ бол Монголын түүхэнд Монгол гэдэг нэр хамгийн олон удаа  давтагдсан үе байсан. Үүгээр Монголын нэр ертөнцийн чихнээ хүрсэн. Монголчууд бид бүгдээрээ хамтарч ажилласан. Энэ бол Монголчуудын хамтын ололт. Цаашаа энэ ололтоо баталгаажуулаад явах хэрэгтэй.

Монгол Улсын гадаад бодлого гэдэг бол их чухал. Өөрийн өвөрмөц байдлаас болоод Монгол Улсын гадаад бодлого зөвхөн гадаад бодлого биш, энэ бол аюулгүй байдлын бодлого, эдийн засгийн бодлого, бүс нутагтаа ганцаараа хоцрохгүй байх бодлого болж хувирдаг. Монгол Улсын гадаад бодлого дээр улс орноо төлөөлнө гэдэг эрх Үндсэн хуулинд байдаг учраас энэ үүрэг Ерөнхийлөгчид их чухал байдаг юм. Энэ чиглэлийн ажил илүүтэй харагдаад байсан байж магадгүй. Яагаад гэхэр гадаад улс оронд явж байгаа зүйл дээр манай хэвлэл мэдээллийнхэн анхаардаг, сурвалжилдаг. Бусад ажил ч мөн адил, бидний хийх ёстой ажил л гэж явж байсан. Хүмүүст ярихаар энэ чиглэлд үнэхээр их ажил хийсэн байна, ингэж санаачлаад ийм үр дүн гарсан юм уу гэдэг.

Ховд аймгийн Ховд телевизийн сэтгүүлч С.Жавзандолгор: -Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах асуудал яригдаж байгаа. Энэ ажил баруун бүс нутгаар дайрах уу ямар ач холбогдолтой вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Энэ бол их чухал асуудал байгаа юм. Монгол Улс хоёр их хөрштэй. Миний үргэлж талархаж явдаг зүйл бол манай хоёр хөрш, түүний удирдлагууд Монгол Улсын зүгээс тавьж байгаа асуудал, Орос-Монголын харилцаа, Монгол-Хятадын харилцаанд их ач холбогдол өгч харьцдаг. Манай хоёр хөрш хоёулаа Монголыг чухал түнш, түүхийн хугацаанд уул усаар холбогдсон түнш гэдэг юм. Монголын ажил амьдрал сайн явах юм бол манай улс орны ажил, амьдралд ч бас хэрэгтэй гэсэн ойлголтоор ханддаг.

Ялангуяа ОХУ-ын хувьд дэлхийн хүнд үеүдэд ч гэж хэлж болох юм даа, Халх голын дайны үед ч Монгол Улс тусгаар тогтнолоо хамгаалж байх тэр үед Монголын төлөө амь нас, цусаа урсгаж явсан хүмүүс Орос хүмүүс байдаг. Үүнийг бид хэзээ ч мартаж болохгүй.  Орос хүмүүс бас хэзээ ч мартдаггүй.

Дэлхийн II дайны үед Монгол Улс цорын ганц холбоотон нь байж өөрөөсөө илүүчлэх бүх юмаа илүүчилж байсан. Энэ нутгаас бид морьдоо явуулсан.  Хонио хайчлаад ноосыг нь явуулж байсан. Бүх л юм, мах бүтээгдэхүүнээ явуулж байсан. Энэ бүхнийг Оросын ард түмэн их үнэлдэг. Үүгээр бат тавигдсан найрамдал юм.

БНХАУ мөн адил бидний сайн хөрш стратегийн гол түнш. БНХАУ-ын дарга Монгол Улсад айлчилж ирээд УИХ дээр үг хэлснийг та бүхэн сайн санаж байгаа байх. БНХАУ бол Монгол Улсын тусгаар тогнол, бие даасан байдал, дархан хилийн халдашгүй байдлыг үргэлж хүндэтгэнэ. Үеийн үед Монгол Улсын эрхийг хүндэтгэж, Монголчуудын сонголтыг хүндэтгэж харилцана гэсэн. Энэ улсын Төрийн тэргүүн тэгж хэлнэ гэдэг бол маш олон үедээ хадгалагддаг, түүгээр илэрч гардаг бодлого байгаа юм. Бид ийм хэмжээнд харилцаж чадсандаа туйлын баяртай байна.

Түүн дотроос хамгийн гол ололт бол гурван улсын Төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтыг санаачилж хоёр талаас дэмжиж оруулсан. Эдийн засгийн коридор байгуулъя. Монголын зүгээс энэ тал дээр идэвхтэй оролцъё. Жишээлэхэд, төмөр зам, гол гол авто замын сүлжээнүүд манай баруун талаар Казахстаныг дайраад Европ руу гараад явдаг. Зүүн талаар Дорнодын цаагуур, Манжуураар Орос, Хятад хоёр холбогдоод байгаа. Тэгэхээр Монголоор холбогдвол их том орон зай байгаа, дээр нь дөт. Монголын ийм давуу байдлаа бид ярьдаг.

Гурван талт уулзалтын нэг гол юм бол бид хоёр талынхаа асуудлыг хоёр талдаа яриад байна. Бид танай хоёр орны дунд байгаа учраас та хоёулантай нь ярих ижил зүйл байна. Дамжин өнгөрөх тээврийн тухай бид ярихаас өөр арга байхгүй. Бид далайд гарцгүй улс учраас үүн дээр татварын хөнгөлөлт үзмээр байна. Тэгэхгүй бол Монголоос явж байгаа бараа далай хүртэлх маш урт зам туулах учраас үнэтэй, өрсөлдөх чадваргүй болдог. Үүн дээр та бүхэн хөнгөлөлт үзүүлээч. Энэ чиглэлийн гэрээ хэлэлцээрүүд явж байгаа. Хоёр талтай хоёулантай нь ярилцаад зарим зүйл дээр гарын үсэг зураад явж байгаа. Энэ бол маш сайн зүйл.

Сая Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ тухай Хятадад яригдсан байна. “Нэг бүс, нэг зам” гэдэг нь Монголын эдийн засгийн коридорыг тэлж байгаа юм. Эдийн засгийн коридор гэхээр зөвхөн Улаанбаатар, Алтанбулагийг дамжуулаад Замын-Үүд гээд гарчих биш. Манай эдийн засгийн чухал коридор бол баруун бүсээр явах ёстой гэж бид үздэг. Баруун бүсээр хойноос төмөр зам орж ирээд, урагшаа Увсын нам газраар орж ирээд, Ховд, Алтайн уулын урд талаар явахад боломжтой замууд байгаа. Үүгээр явах зам юу байж болох вэ гэхээр хийн хоолойн зам яригддаг.

Алтай Таван Богдыг даваад, Баян-Өлгийн цааш даваад явах гэхээр асар их хүндрэлтэй нөхцөл байдлууд гардаг. Бид энэ тухай оросуудтай байнга ярьдаг. Дээрээс нь том цахилгааны шугам явж болж байна. Авто зам үргэлжилж болно. Бас нэг сайн мэдээ бол Азийн хөгжлийн банктай ярьж байгаад маш сайхан замаар урд хөрштэй холбогдож байна. Ховд, Увс, Баян-Өлгий гээд хойд хөрштэй холбогдох боломж байна. Холбогдоод эхэлбэл аялал жуулчлал, бидний хийж бүтээж байгаа бараа худалдаа гээд хүн амын солилцоо, бүх зүйл дамжина. Энэ нь эргээд ард иргэд, улс оронд маш их хэрэгтэй. Баруун бүсийг хөгжил дэвшилд оролцуулахын талаа цаашдаа улам анхаарч ажиллах ёстой. Манай аймгууд ч гэсэн анхаарч ажиллах ёстой гэж бодож байна.

Завхан аймгийн “Шинэ Завхан” телевизийн сэтгүүлч Ш.Намуундарь: -Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн эрхийг хасах тухай яригдаад байна. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ер нь ийм үг байдаг, “Явж үзээгүй зам сайхан санагддаг” гэж. Монголчуудын нэг хэлдэг үг байдаг. “Алаагүй байхад үнэг сайхан” гэж. Миний хувьд энэ Үндсэн хуулийнхаа тогтолцоог авч үлдэх хэрэгтэй гэж бодож байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр миний баримталдаг байр суурь бол өөрчлөлт дээр нэг удаа нэг л харилцааг хөндөе. Олон юм хөндөж болохгүй.

Үндсэн хууль гэдэг бол бусад хуулиас юугаараа ялгаатай вэ гэхээр Үндсэн хуулийг улс орон гэж үздэг. Монгол Улс гэдэг чинь Монгол Улсын Үндсэн хууль байгаа юм. Хил хязгаар, тусгаар тогтнол, бие даасан байдал, төрийн бүтэц, бүх зүйл гарч ирдэг. Үндсэн хуулиар оролдоно гэдэг бол улс орноороо оролдож байна гэсэн үг. Үнэхээр болохгүй байгаа засчихмаар харилцаа байгаа бол нэг л зүйлийг засъя. Үндсэн хуулийн өөрчлөлтийг харж байхад санал авна гээд дөрвөн хуудас зүйл байгаа юм. Хэвлэл мэдээлэл, ард түмний ярьдаг маш олон зүйлийг өөрчилнө гээд биччихсэн байгаа. Гаднын судлаачид хүртэл ярьдаг. “Монгол Улсын Үндсэн хуулийг муу хэлж байна уу, шүүмжлэл  их гарч байна уу” гэдэг. “Шүүмжлэл ч их гарна шүү” гэхээр “Тэгвэл танай Үндсэн хууль сайн хууль байна. Үнэхээр сайн хууль сайн юмыг л хүн шүүмжилдэг” гэдэг.

Тэр дотроос бид нэг харилцааг олж хөндөх хэрэгтэй. Монголын ард түмэн Ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгодог байя гэсэн эрхээсээ татгалзахгүй байх нь зөв. Ард түмнээсээ сонгодог байх нь зөв гэж бодож  байна. Би Чех Улсад очиж байсан. Надтай уулзсан Чехийн Ерөнхийлөгч Зейман гэдэг хүн байдаг. Тэр хүн надтай уулзахад би асууж байсан юм Чехийн Үндсэн хуульд юу гэж байсан бэ гэхээр Их Хурлаасаа Ерөнхийлөгчөө гаргадаг байсан байна. Дараа нь Чех Үндсэн хуулиа өөрчлөөд ард иргэдээсээ сонгодог болсон. “Та Үндсэн хуулиа өөрчлөөд ард түмнээсээ гараад ирлээ. Яагаад Үндсэн хуульдаа өөрчлөлт хийсэн бэ” гэж асуухад “Өөр арга байсангүй ээ. Бид хорин хэдэн жил ардчиллаар явлаа. Улсын Ерөнхийлөгч гэдэг хүн явж явж Парламентаас сонгогддог болохоор дэд сайд, сайдын хэмжээнд л очдог. Улс орныг нийтэд нь төлөөлдөг биш, нөгөө л фракц, нам, тэр хүнийг гаргаж ирж байгаа хэсэг хүний тоглоом болж хувирдаг юм байна. Тиймээс бид ард түмнээсээ сонгодог болсон. Би ард түмнээс гарч ирсэн Ерөнхийлөгч” гэж ярьсан. Тэгэхээр үүнийг бид бодох л хэрэгтэй.

Засвар оруулмааргүй юмыг засч болохгүй. Эвдрээгүй юмыг засах хэрэггүй гэж үг байдаг. Эдвэрсэн нь мэдэгдээд цаашаа ашиглахгүй болсон юмыг л засна уу гэхээс биш, эвдрээгүй юмтай оролдох хэрэггүй. Тэр тусмаа Үндсэн хуультай.

Эхний ээлжинд УИХ, гүйцэтгэх засаглалын харилцаа, Ерөнхий сайдын эрх мэдлийн талаар анхаарвал зүгээр байна. Дээр нь үнэхээр ард түмнээс асууна гэж байгаа бол дөрвөн хуудас юмны тухай асуудаггүй л байхгүй юү. Ард түмний санал асуулга гэдэг бол ганцхан асуулт байдаг. 1940-өөд онд болж байсан Монгол Улсын тусгаар тогтнолын тухай санал асуулга тэр л байсан. “Монголынхоо тусгаар тогтнолыг дэмжиж байна уу. Дэмжинэ, үгүй” гэдэг л санал асуулга авсан. Тэгэхээр маш тодорхой ганц хоёр харилцаа л байх хэрэгтэй. Жишээлэхэд, сая асууж байна. Монгол парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх хэрэгтэй юу. Дэмжиж байна, эсвэл үгүй гэдэг асуулга байх ёстой.

Зөвлөлдөх санал асуулга гээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай хүмүүстэй ярьж байна гэдэг бол амжилт л даа. Гэхдээ олон асуудал байх тусам олон тийшээ хагардаг. Цөөн асуудал байвал арай л бага санал зөрөлдөх байх гэж би бодож байна.

Сэтгүүлч: -Монголын сэтгүүлзүйгээс гарч ирсэн Ерөнхийлөгч таниар бид бахархдаг. Сэтгүүлч хүн Монголын төрийг найман жил удирдлаа гэдгийг баталсан. Ер нь төр барьж байгаа хүнд ямар бэрхшээлүүд тохиолдож байх юм. Хоёрдугаарт, зөвлөлдөх ардчилал гэдэг зүйлийг Монгол Улсад авч явбал цаашдаа ач холбогдолтой юм уу гэж боддог. Энэ дээр таны бодол юу вэ?  

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Зөвлөлдөх ардчиллын хувьд хэрэгтэй зүйл байх. Бид хүн амаараа, ард нийтээрээ, бүгдээрээ цуглаад юм ярих боломжгүй. Тиймээс тодорхой төлөөлөл аваад, тэр хүмүүсээ цуглуулаад ярилцах нь зөв байх. “Ардын үг” гээд үйл ажиллагаагаа танилцуулж байгаа нь түүнтэй адилхан юм байна.

200,300,400 хүн цуглаад, мэдээлэл өгөөд ирэхээр мэдээлэл авсан хүн хамгийн зөв, боломжийн шийдвэр гаргах нь дээр байдаг юм байна. Мэдээлэлгүй, олон нийтийн мэдээлэл дунд урсаж яваа хүмүүс нэг талыг барьсан шийдвэр гаргах талтай байдаг юм байна. Үүгээрээ зөвлөлдөх ардчилал давуу талтай гэж бодож байна.

Миний мэргэжил сэтгүүлч. Та өөрөө сонины сэтгүүлч гэсэн, би сонины сурвалжлагч байсан. Улс төрд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчийн мэргэжлийн давуу тал хэрэг болдог гэж боддог.  Аливаа юмнаас шинэ соргог мэдээлэл олж харах, авах, түүнээс голыг нь олно гэдэг бол сэтгүүлчийн гол чанар шүү дээ. Энэ нь улс төрд нэлээд тусалдаг гэж би боддог юм. Үнэхээр ийм өндөр хариуцлага хүлээлгэж, ажил хийх боломж надад олдсонд их баярладаг. Үүний дотор манай хэвлэл мэдээлийн байгууллагынхан, сэтгүүлчдэд үргэлж баярладаг. Би  хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагын бие даасан байдлыг дандаа бэхжүүлж байх ёстой. Энэ чиглэлд халдсан үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг байр суурьтай байдаг.

Дараа дараагийн Ерөнхийлөгч, төрийн удирлагууд энэ байр суурийг авч явах хэрэгтэй. Юм нээлттэй байх тусмаа л сайн байдаг. Шалбархай хүртэл нээлттэй байх юм бол хурдан эдгэрдэг. Хүмүүс чөлөөтэй ярьж байдаг. Үнэнийг олохын тулд эхлээд хардах эрх гардаг юм. Сэтгүүлч хүнд тохиодог зүйл. Хардах эрх гэдэг бол хэвлэл мэдээллийн байгууллагад байх хэрэгтэй. Түүнийг торгодог, эрүүгийн хуулиар шийддэг болгох юм бол тэр хүмүүсийг мохооно. Тэр хүмүүс эхлээд буруу зөвөө дүгнээд, янз бүрийн мэдээлэлд автаж болно. Түүнийг өршөөж байх хэрэгтэй. Хамгийн гол нь сэтгүүлчдийн байгууллага дээр, хэвлэл мэдээллийн байгууллага дээр түүнийгээ залруулдаг, буруу мэдээлэл гаргасан сэтгүүлчтэйгээ хариуцлага тооцдог ёс зүйн хороо гэж байгуулаад асуудлаа түүгээрээ шийдэж бай.

Хэвлэл мэдээллийн байгууллагынхаа хүрээнд л сэтгүүлчийн алдааг шийд. Түүнээс биш эрүүгийн болон зөрчлийн хуулийн асуудал битгий болго. Ингэж болохгүй гэсэн байр суурьтай байдаг. Монгол үүгээрээ ялгардаг.

Манай хоёр хөрштэй харьцуулахад бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тал дээр үнэхээр ялгаатай. Бид цөөн хүн амтай. Нэг улстөрч, Ерөнхийлөгч ухаантай байхад Монгол Улс хөгжихөд хэрэгтэй л байх. Гэхдээ Монголын нийт ард түмэн хамтдаа суралцаад байвал Монгол Улс хөгжихөд хэрэгтэй. Юунаас суралцах вэ гэхээр нээлттэй байдлаас л суралцана. Бүгд дундуур нь явах хэрэгтэй. Нэг муу хүн гарч ирээд ажиллаж байхад энэ нь эргээд хичээл болдог. Би хувьдаа тэгж боддог. УИХ буруу шийдвэр гаргачихлаа. Үнэхээр хүлээж авмааргүй зүйлс байдаг. Муу хүн сайдаар томилогдоод, ажиллаад, хариуцлага алдаж байна гэдэг. Энэ нь эргээд манай ард түмэнд хичээл болж байгаа юм. Дараа нь ийм хүн баймааргүй байна гэдгийг хүмүүс ойлгож үлдэж байгаа юм. Манай улс орны явж ирсэн нэг давуу тал энэ байгаа юм.

Сэтгүүлч: -Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд улс төрийн намууд таны ярьсанчлан давуу шинжүүд харуулсан хүмүүсээ дэвшүүлж чадсан уу? Иргэн хүн, сонгогчийн хувьд санал бодлоо хуваалцаач. Таны санаачилж хэрэгжүүлсэн олон чухал асуудлууд байгаа. Оюутан цэрэг хөтөлбөр, шүүхийн шинэтгэл, орон нутгийн хөгжлийн сан байна. Хөдөө орон нутагт хөгжил авчирсан энэ сан улс орны эдийн засагтай холбоотойгоор хумигдаж байна. Цаашдаа хөдөө орон нутагт хөгжлийг авчирсан ямар ажил санаачлан хийж хэрэгжүүлээсэй гэж дараагийн Ерөнхийлөгчид даалгавар болгон үлдээх вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Саяын асуудлаас хоёр гол онцлох зүйл бол орон нутгийн хөгжлийн сан. Одоо бид Ховд аймагт ажиллаж байна. Ховд аймаг хөгжлийн сангаас жилдээ найман тэрбум төгрөг авдаг байсан. Ер нь улс орноо хөгжүүлье гэвэл хүн бүхэн байгаа суугаа газар бүртээ аятайхан амьдрах хэрэгтэй. Орчноо аятай болгох ёстой. Орон нутгийн хөгжлийн сангийн мө