You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.

МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Монгол улсын ерoнхийлөгч

МОНГОЛЫН
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Хэлсэн үгс, Мэдээ мэдээлэл, Арга хэмжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол хүний хөгжил бол улсын хөгжлийн суурь нь юм

2017-05-17 Admin

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих зорилгоор Монголын медиа корпорациас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байгаа билээ. Дөрөв дэх удаагийн хэлэлцүүлгийг “Ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих нь” сэдвийн дор 5 дугаар сарын 13-нд АСЕМ вилла хотхонд зохион байгууллаа.

Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон Ардын экспертүүд энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ногоон хөгжил, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр өнгөрсөн найман жилд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсохын зэрэгцээ АСЕМ вилла хотхон дахь АСЕМ-ийн цэцэрлэгт шинэс, гацуур, далан хальс, тэхийн шээг, монос, үхрийн нүдний  53 мод, бутыг тарив. 

Энэ тоо санамсаргүй биш бөгөөд 2016 оны долдугаар сард Улаанбаатарт амжилттай болсон АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад Ази, Европын 51 орны төр, засгийн тэргүүн, өндөр түвшний төлөөлөл, олон улсын 2 байгууллагын төлөөлөл оролцсоныг бэлгэдэн ийнхүү 10 ширхэг гацуур, 10 ширхэг шинэс мод, далан хальс, тэхийн шээг, монос, үхрийн нүдний 33 бутыг суулгасан юм.

Зөвлөлдөх хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Уулзалт хийж байгаа энэ гэрт 2016 оны долдугаар сард Улаанбаатарт болсон АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын хоёр дахь өдрийн гол хуралдаан болсон. Миний хоёр талд Европын холбооны дарга нар, тэгээд ОХУ, БНХАУ-ын Ерөнхий сайд нар, ХБНГУ-ын Канцлер А.Меркель, Японы Ерөнхий сайд Ш.Абэ гээд сууцгааж байсан.

АСЕМ-ийн үеэр дэлхий нийтийг шуугиулсан дуулиантай үйл явдлууд давхацсан. Францад халдлага, Туркэд төрийн эргэлт зэрэг үйл явдал болсон. Би өглөө бүр www.News.mn-ийг нээж улс оронд юу болж байгааг хардаг. Телевизээр СNN-ийг харж дэлхийд юу болж байгааг  хардаг. Машин дотор ВВС-ийг сонсдог. Эндээс тэр бүгдийг олж мэдсэн байсан. АСЕМ болсон бэлгэшээлтэй газарт, амралтын өдөр ингэж уулзаж байгаа нь таатай байна.

Ингээд асуулт хариултдаа шууд оръё” гэлээ.

Ирвэс хамгаалах сангийн ажилтан Энхтүвшин: -Олон улсын ирвэс хамгаалах сан, ирвэстэй орнуудын Ерөнхийлөгч нар 2012 онд цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах тухай тунхаг бичиг гаргасан. Энд Монгол Улсын Ерөнхийлөгч нэгдээд 2015 оны 12 дугаар сард Иргэний танхимд Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахаар хэлэлцүүлэг хийсэн. Тостыг 2016 онд улсын тусгай хамгаалалтад авч, иргэд их баяртай байгаа. Та өөрөө ирвэстэй Алтайн нурууны хүн.  Та дараагийн Ерөнхийлөгчдөө энэ залгамж халаагаа уламжлуулаарай.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Дараагийн Ерөнхийлөгчдөө ирвэсний тухай хэлж өгнө өө. Алтайн нуруу ирвэстэй. Миний нутаг Зэрэг сум бол Алтайн нурууны Баатар хайрхан, Бумбат хайрхан гэж гайхамшигтай хоёр уул оршдог нутаг. Тэр дунд би төрсөн. Хонь, ямаа хариулж өссөн. Ховдын Манхан, Зэрэг сумын хүүхдүүд нийлээд сумаа хавхгүй болгох санаачилга өрнүүлсэн. Манай тэнд хавх их хэрэглэдэг. Хавханд орсон амьтан хөлөө тасдаж, гэмтээж дуусдаг. Амьдралынх нь эх үүсвэр учраас малчид хавхаа зүгээр өгөхгүй. Хүүхдүүд аав ээжээсээ мөнгө цуглуулаад хавхны оронд цагаан идээ хийдэг 40-ийн бидон, сав суулгаар сольдог. Цуглуулсан хавхаараа хөшөө хийсэн. Энэ хөдөлгөөнийг Монгол даяар өрнүүлэх юмсан. Бүр дэлхий даяар өрнүүлэх юмсан гэж би боддог. Хавх Канад, Африк гээд бүх газарт байдаг юм байна. Монгол хүүхдүүдээс эхэлсэн энэ хөдөлгөөнийг иргэний хувиар дэмжие гэж би бодож байгаа.

“Гэр ухаан” ТББ-ын тэргүүн Гэгээнжаргал: -Ардын хүүгийн үгийг сонсож байгаа танд баярлалаа. Та бол ард түмний аав билээ. Бид Төрийн аав болсон Ерөнхийлөгчөө хүндлэх хүндлэл өнөөдөр тааруу болсон байна. Энэ бол бид өвгөдөөс үлдээсэн өв соёлоо умартаж байгаагийн нэг шинж. Бид “Гэр ухаан” төслөө 15 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа. Хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хүрээндээ “Эв хайр” гэсэн өдөрлөгийг энэ сарын сүүлээр таны ивээл дор зохион байгуулахыг хүсч байгаа юм. Төрийн ордны өмнө, талбай дээр 6 ханатай, 99 уньтай, 4 баганатай монгол гэрээ барья. Энэ бол Монголын эв, хайрыг бэлгэдсэн гэр. Унь, хана бүр нь Монголын нэртэй хүмүүсийн лого, нэр, үгтэй байх юм. Энд та тэр гэрийн тооныг өргөөч ээ. Дараагийн Ерөнхийлөгчдөө үүнийг өвлүүлээч ээ. Энэ зан үйлийг жил бүр хийж байя.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Баярлалаа. Манай иргэдээс маш сайхан санаачилгууд гардаг. Санаачилга олон, Ерөнхийлөгч нэг. Өчигдөр орой би сошиалд нэг зүйл жиргэсэн. “Нээлттэй нийгэмд далай шиг их санаа өдөр бүр ундарч байдаг. Тийм нийгмийн удирагчид нэг эрдэм хэрэгтэй. Далай шиг их санаан дотроос сувд шиг зүйлийг шүүрч аваад дэмжих нь чухал” гэсэн. Чингис хаан бол олзны цэргийн үгэн дотроос алтан сум шиг нэг үгийг шүүрч авдаг аугаа эрдэмтэй байсан байгаа юм.

Ерөнхийлөгчийн ажлын талаар хүмүүс их асуудаг. Ерөнхийлөгчийн ажил бол Монгол Улсад хамгийн их ойлгогддоггүй, хамгийн их тодорхойгүй, тэгээд хамгийн их гүтгэгдсэн ажил байгаа юм. УИХ-ын тухай ярь гэвэл та нар бүгдээрээ ярина. Засгийн газар гэвэл та нар мэднэ. Ерөнхийлөгчийн ажил гэвэл ихэнх нь бүдэрдэг, худлаа ярьдаг.

Ерөнхийлөгчийн ажлыг ямар хүн мэддэг вэ гэхээр энэ ажлыг хийсэн хүн л мэдэх юм билээ. Энэ ажлыг хийгээгүй хүн Ерөнхийлөгчийн ажлын талаар ойлголт авахгүй юм билээ. Өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гээд янз бүрийн зүйл ярьж байгаа. Тэр бүгдээс харахад Ерөнхийлөгчийн ажлын талаар ямар ч ойлголт байхгүй, асар буруу ойлголттой явж байгаа хүмүүсийн үг, санаа л яваад байгаа. Улс төр дотор байгаа хүмүүс хүртэл тийм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажил бол ихэнх нь гуйлгаар, яриагаар, ойлгуулах замаар явдаг. Хамгийн том эрх нь хориг тавина. Хоригийг УИХ хүлээж авахгүй бол тэгээд л дуусна. Нэг том эрх нь Засгийн газарт чиглэл өгнө гэж байгаа. Засгийн газарт чиглэл өгөөд нэг зарлиг гаргах гэхэд л Ерөнхий сайд заавал гарын үсэг зурдаг. Засгийн газрын хурлаар дэмжихгүй гэвэл зогсоно.

Зэвсэгт хүчний ерөнхий командлагч цэрэг хөдөлгөнө гэж байгаа. Энхийн үед цэрэг хөдөлгөөд хаашаа явах вэ дээ. Тэгэхээр Оюутан цэрэг, Тэмүүжин өрлөг ч гэдэг юм уу, энэ чиглэлийн санаачилга гаргаад явж байгаа. Ерөнхийлөгч сайн санаатай, сайн бодолтой байж, Ерөнхийлөгч гэдэг нэрээр иргэдийн сайн санаачилгыг дэмжих ёстой. Заримдаа төсөв мөнгөнөөсөө гаргаж байж жаахан дэмжлэг үзүүлдэг.

Төсөв нь хамгийн их хасагдсан, хамгийн их бүсээ чангалсан алба бол Ерөнхийлөгчийн алба байдаг. 2013 онд 11,4 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Зарим сум ч түүнээс илүү төсөвтэй. Бараг нэг сургуулийн төсөв. Одоо Ерөнхийлөгчийн төсөв 4,5 тэрбум төгрөг. Би үгэндээ л байдаг. Төр данхайсан байхыг шүүмжилдэг.

Намайг Ерөнхий сайд байхад 124 мянган төрийн албан хаагч байсан, өнөөдөр 186 мянга болжээ. Энэ буруу. Би үүнийг өөрөөсөө үлгэрлэх гэж явдаг. Би жил бүр 60 хувиар төсвөө хасч байгаа. Ингээд ажиллаж болж байгаа. Ерөнхийлөгч ингэж ажиллаж байхад сайдууд ч ингэх ёстой. Засгийн газар ингэж ажиллах ёстой.

Дархан-Уул аймгийн хуримтлалын бүлгийн төлөөлөгч Уранчимэг: -Ерөнхийлөгч 2010 онд хуримтлалын бүлэг бол зөв эхлэл юм гэж зарлиг гаргаснаар 21 аймагт хүлээн зөвшөөрч, иргэд сайн дураараа хуримтлал үүсгэж, тулгамсан асуудлаа өөрсдөө шийдвэрлэдэг болоод байна. Анх бид 100 төгрөгөөр хуримтлал үүсгэж байсан бол өнөөдөр идэвхтэй ажиллаж байгаа 13 бүлэг, 187 гишүүнтэй болоод байна. Эсгий шаахайнаас эхлээд 64 угалзтай монгол гутал хийдэг болтлоо бид хамтарч ажиллалаа. Энэ бол шавхагдашгүй нөөц юм байна гэдгийг ухааруулж өгсөн танд талархал илэрхийлье. Гэр хорооллын хуримтлалын бүлгийнхэн бид одоо баялаг бүтээгч болж чадлаа. Бидний бүтээгдэхүүнийг гадагш гаргахад дэмжиж ажиллахыг хүсч байна. Нийгмийн идэвхтэй хэсэг нь настайчууд болж байна. Энэ ажилд залуусыг оруулах хэрэгтэй байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Баярлалаа. Миний үнэхээр хайр татсан иргэдийн санаачилгын нэг нь хуримтлалын бүлэг юм. Нэг гудамжны 10 айл 100 төгрөгөөр нийлээд 1000 төгрөг болгоод эхний ээлжинд хогоо цэвэрлэсэн байдаг. Дараагийн ээлжинд зүлэгжүүлээд, мод тариад, сүүдрэвч бариад эхэлсэн. Тэгснээ хүүхдийн тоглоомын талбай бариад эхэлсэн. Гайхамшигтай. Үнэндээ хүний нийгэм ингэж л явах ёстой. Хэчнээн сайн Ерөнхий сайд байгаад Монголын 800 мянган өрх айлд орж хонохгүй. Хэчнээн сайн Ерөнхийлөгч байгаад өдөр бүр чиний хажууд байгаад тогоог чинь угаахгүй. Иргэн өөрөө амьдралаа зохицуулж явъя гэж ардчилал, чөлөөт нийгмийг сонгосон. Бидний сонголтын учир нь тэр. Бид ямар нэг сайхан байшин руу ороогүй, бид хаалгаа л нээсэн. Боломжоо л нээсэн. Ардчилал өөрөө ийм. Өнөөдрийн нийгэм явдаг замаараа явж байна. Алдаа ч бий, оноо ч бий. Өмнө нь бидний нүдний өмнүүр хөшиг татчихсан байсан. Намаа энхрий хайрт гэж нэрлэдэг байлаа. Одоо яагаад бухимдаад байна гэхээр амьдралдаа байгаа муу муухайгаа олж харж байгаа. Муу юмыг муугаар нь олж харж байна.

“27 жил ардчиллаар явлаа, юу бүтээсэн юм, Монголд” гэж ам асуудаг. Би үүнд нэг л хариулт өгч чадна. Монгол хүн хөгжсөн шүү. Монгол хүн чөлөөтэй сэтгэдэг, чөлөөтэй явдаг болсон. Монгол хүн чөлөөтэй эрэл хайгуул хийдэг болсон. Монгол хүн хөгжсөн. Монгол хүний хөгжил бол улсын хөгжил, улсын хөгжлийн суурь нь юм. Түүнээс биш ийм тийм изм байгуулна. 2030 он гэхэд ийм тийм юманд орно, 2070 онд тэгнэ гэх юм байхгүй. Таны хүүхэд таны алдаа дутагдлын бараг 90 хувийг давтсан байгаа. Ач чинь бас давтаад л явна.  Хүн өмнөх үеэсээ 1-2 хувиар илүү амьдарч чадах юм бол нийгмийн дэвшил тэгж явна. Монголд байгаа энэ зүйлийн ихэнх нь 20 жилийн дараа, 100 жилийн дараа байж л байна.

Монгол Улсын аль ч удирдагчид хүссэн бүхнээ хийх аз тохиогоогүй. Хүссэн бүхнээ хийх боломж тохиогоогүй. Чингис хаан дэлхийн мэдэгдэж байсан талыг эзэлсэн ч хүссэн бүхнээ хийж чадаагүй. Үүнийг ойлгоё. Өнөөдөр тулгамдаж байгаа асуудлаа л шийдье.

Би муу юм байвал засах ёстой гэж боддог. Улс төр рүү зүтгэж байгаа хүмүүсийг харахад ихэнх нь түүнийг ашиглах гэж зүтгэж байдаг. Би түүнийг засах гэж зүтгэдэг. Би Хариуцлагын хуультай болгоё, намуудыг шинэ хуультай болгоё, намууд утга алга гэж хэлдэг. Би тэр хуулиудыг өргөн барьсан. Төрийн албыг цоо шинэ болгоё, хариуцлагатай, нээлтэй болгоё гэсэн. Би түүний төлөө явдаг. Харамсалтай нь түүнийг дэмждэг нь цөөхөн байдаг.

Хүн бүхэн авлига муухай, шударга ёс тогтооё гэж орилолддог. Түүний хойноос явахаар нөгөө авлигачийнхаа мөнгөөр тархиа угаалгаад, нулимс унагаад сууж байдаг. Тэгэхээр хэн тэмцэх юм. Нийгмийг авч явна, урд нь явна гэдэг хэцүү ажил.

Ардчилал дотор хамгийн том алба бол иргэн байх юм. Эрх чөлөөт нийгэмд хамгийн том эрх мэдэл бол эрх чөлөө л юм. Эрх мэдэл биш. Эрх мэдлээ алдвал алдах юмаа алдлаа гэж бод. Эрх чөлөөгөө алдвал алдахгүй юмаа алдлаа гэж бод. Би хувьдаа тэгж л боддог. Би үнэхээр эрх чөлөөнд хайртай. Би энэ орны эрх чөлөө, эрх ашгийн төлөө юуны ч өөдөөс зогсож чадна. Монголд тийм хүчтэй, чадалтай, ухаантай удирдагч хэрэгтэй. Хүчтэй удирдагч ямар ч мөнгө, ямар ч нам, ямар ч шахалтын өөдөөс, ямар ч авлигачийн өмнө бууж өгдөггүй л байх ёстой.  Дэлхийн ямар ч том удирдагчийн өмнө очоод Монголынхоо эрх ашгийг худалддаггүй л байх ёстой. Түүн дээрээ зогсож чаддаг. Ухаантай хүн алдаанаасаа сургамж авч байх ёстой.

Хүн амьдралдаа байнга хийж байх ёстой гурван юмны нэг бол сурч байх ёстой. Сургамж авсан бол хууль болгоод мөрдөх ёстой. Хуулиа ч өнөөдөр гаргахгүй байна.

Өнөөдөр Монголд байгаа хамгийн том гамшиг бол төрийн хариуцлагагүй байдал. Улс төрийн хариуцлагагүй байдал. Төрийн албан хаагчдын ёс зүйгүй байдал. Үүнийг өөрчлөхгүй, хийхгүй байна. Цаасан дээр буулгахгүй байна. Зүгээр л ярьж байна.

Тэгээд цаасан дээр буулгалаа, өргөн барилаа, хэллээ. Ерөнхийлөгч өөр юу хийх юм бэ? Зарлит гаргалаа гээд Ерөнхий сайд гарын үсэг зурахгүй бол хэрэгжихгүй. Би бие даагаад хууль гаргаж чадахгүй. Шийдвэр гаргаж чадахгүй. Шүүх, прокурорыг чи томилдог л гээд байдаг. Яг үнэндээ тэр шүүх, прокурорыг томилдог ажлын 90 хувь нь компьютерээр шалгалт өгөөд, өгдөг шалгуураараа ороод, шүүхийн хороогоор ороод, Шүүхийн ерөнхий зөвлөлөөр ороод л гарч ирдэг. Бүх шалгалт хуулийн дагуу явдаг. Би зөвхөн зарлиг дээр л гарын үсэг зурдаг. Баталгаажуулдаг. Ямар хүн юм гэдгийг би асуудаг ч үгүй. Өнөөдөр шүүх шиг цус сэлбэсэн газар байхгүй. Монголд 470 шүүгч байгаагийн 150 нь сүүлийн 3 жилд солигдсон. Буруу юм хийвэл хүзүүндээ олс углана гэдгийг тэд мэддэг болсон.

Манай ард иргэд бүгдээрээ сэтгүүлч болсон. Бүгдээрээ утсан дээрээ миний яриаг бичээд сууж байгаа. Дээр үед яриа бичнэ гэдэг бол Монгол телевизэд байдаг камертай хоёр хүний л ажил байсан. Улс  даяар ганц радио, таван сонинтой байсан. Тэнд юу гарах нь хатуу хяналттай. Одоогийн нээлттэй нийгэмд үйл ажиллагаа авч явна гэдэг амаргүй. Ийм байх ёстой. Би үүний төлөө байнга явдаг. Би жирийн иргэн, жирийн сэтгүүлчтэй хэзээ ч маргалдаж байгаагүй. Би жирийн хүний талд л зогсдог. Би алба тушаалтай, хууль юу юм, манай фракц гэсэн зарим хүнийг л өрөөндөө дуудаж загнадаг байсан. Надад тэдэнд хэлэхээс өөр юм байхгүй.

Би хуулийнханд хэлдэг. Та нар хулгай хийсэн хүнийг ял завшуулж болохгүй, хулгай хийгээгүй хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Ийм оновчтой хоёр гурван зарчимтай л байх хэрэгтэй. Ингэж л ажиллаж ирсэн.

Түрүүн Япон руу юмаа гаргамаар байна гэлээ. Япон руу Монголд хийсэн бараа бүтээгдэхүүн хамгийн бага татвартай гарах боломж бий болсон. Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулсны дараа онигоо шиг юм дэлхийн хэвлэлүүдэд гарч байсан. Явж явж өөр нэг оронтой чөлөөт худалдааны хэлэлцээргүй ганцхан орон Монгол үлдчихсэн байсан. Ингээд Японтой тийм том хэлэлцээр байгуулсан. Ш.Абэтэй олон түвшинд уулзаж ярилцсан. Японы стандарт асар өндөр. Түүнд нийцвэл Японы зах зээлд гарах бүрэн боломжтой. Энэ бол үйлдвэрлэлээ дэмжсэн бодлого мөн.

Сая Гадаад харилцааны сайд Европын холбоонд айлчлаад ирсэн. Надад нэг сайхан мэдээ дуулгалаа. Европын холбоонд байдаг 26 улс Европын холбоотой байгуулсан Худалдааны гэрээг Их Хурлаараа батлах ёстой. Сая хамгийн сүүлийн улс нь баталсан байна. Ингээд Европын 26 орны зах зээл рүү Монголын 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн 0 татвартай гарч болохоор боллоо.  Энэ бол дахиад бүтээгчдээ дэмжсэн бодлого.

Бид ЕАБХАБ-ын гишүүн болсон. Түүний гишүүн, Монголоос гадна  51 орон Монгол Улсын аюулгүй байдлын төлөө, сайн сайхны төлөө баталгаа гаргаж байгаа. Монголын удирдагч ийм л юм хийж байх ёстой.

Надад П.Очирбат гуай хэлж байсан. “За, чи тэр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 5 гишүүнээр Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүс, аюулгүй байдлын статус дээр тогтоол гаргуулж чадлаа. Гарын үсэг зурууллаа. Одоо чи дахиад огт ажил хийхгүй байсан ч болно. Зөвхөн үүнийг яриад л боллоо” гэж байсан.

Д.Бямбасүрэн гуай надад хэлж байсан. “Чиний Намын тухай, Төрийн албаны тухай хууль, Хариуцлагын хууль, Шилэн дансны хуулийг УИХ баталчих юм бол 1990 оны ардчилсан хувьсгалын ач холбогдолтой тэнцэхүйц өөрчлөлт болно шүү” гэсэн. Манай ахмадууд, зовлон дундуур явсан хүмүүс юмыг мэддэг.

Хятадад өнгөрсөн жил Экспо гэж үзэсгэлэн худалдаа гаргасан. Тэнд гаргасан манай бүх зүйл зарагдсан. Тийм үзэсгэлэнг бараг сар бүр гаргаж байвал яасан юм. Уг нь манайх Эрээнд очиж биш, хилийн наана чөлөөт бүсэд худалдаа хийдэг болбол, хятадууд манай юмыг аваад цаашаа явбал манайд юм нь үлдэх гээд байгаа юм. Тэгэх ёстой байгаа юм. Бодлогоо тэгж харах хэрэгтэй.

ОХУ-тай визгүй болсон. Одоо манай худалдаачдын 50 хувь нь ОХУ руу явдаг болсон. Оросын юмыг бид хэрэглэж сурсан байдаг.

Манай Ерөнхий сайд БНХАУ-д явж байна. Си Зиньпин дарга уулзаад 3 улсыг холбосон эдийн засгийн коридорын төслүүдийг дэмжие гэж байна. Миний ярьсан ихэнх яриа энэ гэр дотор болж өнгөрсөн. А.Меркель гуайтай гар бариад суухдаа л хамтарсан сургуулийн тухай ярьсан. Ш.Абэтэй нэг сууж ярихад л Амгаланд 100 сая ам.доллараар хамгийн орчин үеийн эмнэлэг байгуулж байгаа. Түүнийг тохироод л гарч байгаа. Тийм байж чадах хэрэгтэй.

Ганц төмөр замаа хос болгоод, 3 улсын дунд эдийн засгийн коридор байгуулаад, Азиас явдаг бараа үүгээр Европ руу явж байвал энэ гайхамшиг. Харамсалтай нь одоо Казахстанаар дамжаад, манай баруун талаар Европ руу гараад байна. Зүүн талаар Манжуураар гараад байна. Монгол энд ганцаараа өнчин үлдэж болохгүй. Төмөр зам, авто замыг Монголоор дамжуулахын төлөө явах хэрэгтэй. Энэ бүгдийн суурь гэрээ, яриа, хэлцлүүд тавигдсан. Хятадын тал 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлнэ гэсэн. 300 гаруй сая ам.доллар юм шүү. Түүнийг зөв зарцуулбал бас ажил болохоор байгаа.

Сэтгэлтэй, чадвартай, ёс зүйтэй Засгийн газар, хариуцлагатай албан тушаалтнууд бидэнд хэрэгтэй. Улс төрд нэг зовлон бий. Дундуур нь туучиж гарч байж дараа нь сургамж авдаг. Урьдчилж харахаар цөөхөн хүн дэмждэг. Тэгээд хамтаараа л дундуур нь гарахаас аргагүй. Нийгмээрээ тэр шаврыг туучиж гарч байж энэ чинь шавартай байсан юм байна, шавраа хатаая, гүүр барья гэж ойлгодог. Яагаад урагшилдаггүйн улстөрийн зовлон энд байгаа юм.

Иргэн: -Тодруулах хоёр асуулт байна. Нэгд, та Давост усны асуудлаар хуралд оролцож ирээд энэ асуудал тулгамдаж буйг ойлгуулсны үр дүнд дэлхийн улсууд манайх руу хандах болсон. Та Монголын усны аюулгүйн бодлогоор залгамж халаагаа яаж авч явах вэ?

Хоёрт, та Монголын усны холбоо байгуулах хэрэгтэй юм байна гээд холбоо байгуулсан. Энэ холбоо хэрхэн ажиллаж байна вэ?

НҮБ дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Бид Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болоод сурагчид, усны чиглэлээр сурч байгаа оюутнуудтай хамтарч 13 дахь удаагаа энэ өдрийг тэмдэглэсэн. Энэ тайлангаа танд гардуулж өгье.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Энд ус гэж миний хамгийн дуртай сэдвийг ярилаа. Давосын эдийн засгийн чуулганд очдог. Манай зарим иргэд буруу ойлгодог. Монголын Ерөнхийлөгч гадагш хамгийн бага айлчилдаг. Өмнөх Ерөнхийлөгч нартай харьцуулбал би бага явсан. Өнгөрсөн жил би Давост л явсан. Ирэх 6 дугаар сарын дундуур Казахстанд очиж ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Хоёр хөршийн Төрийн тэргүүнтэй уулзах боломж тэнд гарах байх гэж бодож байна. Ийш тийш явахдаа авгайгаа дагуулж явдаггүй. Зардлын нэмэр гэж боддог. Заавал эхнэртэйгээ очих ганц нэг айлчлалд л хамт явдаг.

Ус гэснээс хүн усан дотор үүсдэг. Хүний биеийн 90 хувь нь ус. Ус бол ээж. Би халуун ваннд орох дуртай. Халуун ваннаас гараад хүйтэн усанд орох дуртай. Өвөл мөстэй хүйтэн усанд орох дуртай. Гэхдээ харзанд орж байна гээд Туул голын тэнд мөс цоолоод явдаггүй. Гэртээ худгийн хүйтэн усанд ваннд ордог. Усанд орохдоо “Ус ээж минь, надад байгаа хамаг муу муухайг авч яваарай” гээд залбираад ордог. Шүршүүрт орохдоо ч залбирдаг. Усанд ингэж хандах хэрэгтэй. Наад зах нь шүдээ угаахдаа стаканд ус хийгээд, стаканы тал усаар угаах хэрэгтэй. Угааж байхад ус гоожиж байх юм бол маш ихээр гоожиж байгаа юм.

“Nestle” гэж компанийг та бүхэн мэднэ. Өндгөө дарсан шувууны зурагтай. Тэдний бүтээгдэхүүнийг манайхан их хэрэглэдэг. Усны талаар Давост уулзалт болж байхад би тэр компанийг удирддаг хүнтэй суудал таарсан. Дэлхийн усны санаачилгын хамгийн том удирдагч нь тэр хүн байсан. Тэдний компани асар их ус хэрэглэдэг. Тэгээд хамт олон нь нийлээд усны төлөө хөдөлгөөн гаргасан. Усны төлөө маш олон санаачилга гаргадаг. Гишүүн орнууд элсүүлдэг. Тэгээд би тэр хүнтэй гар бариад “Таны санаачилга ямар сайхан санаачилга вэ. Монгол энд элсэж оръё” гэсэн. Тэр хүн “Тэгье. Монгол их чухал орон санагдаж байна. Би очьё” гээд Монголд бүр 3 удаа ирсэн. Монголд хайртай болсон. Усны зөвлөгөөн байгуулсан. Европ, Азийн Байгаль орчны сайдууд Монголд ирж усны асуудлаар чуулсан. Одоо БОАЖЯ дээр 1,5 сая ам.долларын төсөл хэрэгжиж байгаа.

Хүмүүс “хар ус шиг” гэж ярьдаг. Ус үнэгүй гэдэг. Энэ маш буруу ойлголт. Усаа үнэлдэг бол чи байгалиа үнэлдэг болно. Байгаль орчин гэж бүгд орилолдоод усаа үнэлдэггүй бол юун байгаль орчны тухай ярих вэ. Усаа үнэлдэг бай, усаа зөв хэрэглэдэг бай.

Ашигласан саарал усаа монголчууд бараг ашиглахгүй байгаа. Голын цэв цэнхэр усаар машинаа угаагаад зогсож байна гэдэг бол үнэхээр байж болохгүй. Саарал усаа хэрхэн ашиглах вэ гээд дэлхий нийтэд олон санаачилга байна. Түүнээс жаахныг оруулаад ирэхэд л Монголын асуудал шийдэгдэнэ.

Монгол далайд гарцгүй, ус маш их хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн хамгийн том сөргөлдөөн эрчим хүч, ус, хүнс хоолноос болох юм байна. Дэлхийн хүн ам 7 тэрбум боллоо. 2050 он гэхэд энэ тоо бараг давхарлах гэж байна. Дэлхийн даац хэтэрч байна. Энэ дэлхий шиг дахиад нэг дэлхий байж байж хүн төрөлхтөн нөөцтэй амьдарна гэж судалгаа гарсан. Бид ийм хүнд байдалд байгаа.

Манайд хамгийн ус багатай говь, тал нутаг руугаа хамаг баялаг нь байдаг. Тэнд ус хэрэгтэй. Устай холбоотой санаачилга дээр бид үргэлжлүүлж ажиллана. НҮБ-аас усны талаар улс орнууд заавал хэрэгжүүлэх конвенц гэж гаргая, гэрээ байгуулъя гээд би санаачилж явж байгаа. Үүнийг дэмжиж байгаа. Түүнд түшиглэж байгууллага байгуулъя гэж ярьдаг, түүний төлөө явдаг.

Давост бас нэг удаа очиход Холливудын алдартай жүжигчид, одууд, дуучид, мундаг улстөрчид, Нобелийн шагналтнууд усны асуудалд асар их анхаардаг юм байна. Би тэнд үг хэлж байхад Холливудын алдартай жүжигчин Майк Дэйман босч ирж гар бариад “Та сая үнэхээр ямар гайхамшигтай үг хэлэв ээ. Таны хэлснийг би дэмжиж байна. Хамтарч ажиллая” гэсэн. Усны олон улсын шагналтай хүн л дээ. Цаашдаа бид усны асуудлыг орхихгүй. Монголын төр, Засгийн газар ч орхиж болохгүй, айл өрх ч орхиж болохгүй асуудал бол ус байгаа юм.

Монголд өнөөдөр гамшиг болсон нэг зүйл бол орчны бохирдол. Утааг зун ч мартаж болохгүй. Анх би 2010 онд утааны тухай гамшиг боллоо гээд ярих гэхэд зарим хүн “Юун гамшиг, юу яриад байгаа юм” гэж байсан. Одоо үнэхээр гамшиг болсон. Би сая УИХ-ын гишүүдийг бүгдийг цуглуулаад, ҮАБЗ-ийг нээлттэй хуралдуулсан. Бичлэг нь миний фейсбүүк дээр байгаа. Тэнд  гамшиг гэдэг дүгнэлт гаргуулсан. Төр, засаг шаардуулж байж л хөдөлнө, манай ард түмэн шаардах ч эрхтэй.

Социализмын үеийнхэн гэж нэгнээ нэрлэдэг бол бид одоо утааны үеийнхэн гэж нэгнээ нэрлэдэг болох гэж байна. Уушгигүй, бөөн хар тугалгатай, биегүй, үр хүүхэд нь ч тийм. Ийм байж болох уу? Болохгүй.

Лондон хот 1920,1930,1940 оны үед Монголоос аймшигтай утаатай, өдөрт 700-гаараа хүн утаанаас хордож үхэж байсан гэж ярьдаг. ХБНГУ гэж өндөр хөгжилтэй орон 1950-60 оны үед тийм л байсан гэнэ лээ. Тэгээд утаанаасаа салсан. Нэг өдөр бид энэ гамшгаас салж л таарна. Энэ асуудлыг бид шийдэж таарна. Гэхдээ энэ ажлыг одоо эхлүүлэх хэрэгтэй. Монголын №1 асуудал гэж явах хэрэгтэй.

Утаанаас гадна хөрсний гамшиг байна. Улаанбаатарын энэ хонхорт 100 жил бид задгай газарт бие заслаа. Нүх ухчихаад л суугаад байдаг. Өвөл хөлдөөд, зун болохоор өт арзалзаад байж байдаг. Нүдэнд тэгж харагдаж байхад цаашаа 10 м, 100 м нэвчээд, одоо уудаг ус руу орчихсон. Улаанбаатарын худгаас хлорамин амтагдаж байгаа. Ийм ус ууж байгаа хүмүүс яаж эрүүл байх юм бэ. Энэ тухай ярих ёстой. Үүнийг гамшиг гэж хэлэх ёстой.

Дэлхий өнөөдөр жорлонгоосоо салж байна. Тэрбум хэдэн зуун сая хүнтэй Энэтхэгийн Ерөнхий сайд гарч ирээд жорлонгийн тухай хөтөлбөр дэвшүүлсэн. Энэтхэгийн Ерөнхий сайд “Би 100 сая боловсон жорлон бий болгоно” гэж гарч ирээд 70 саяыг хийчихээд байна. Дэлхийн хамгийн баян хүн Майкрософтын эзэн Билл Гейтс Энэтхэгт очоод Ерөнхий сайдыг нь магтаад сууж байна.

Ц.Элбэгдорж Их тэнгэрт амьдардаг, арай бага хорддог байх гэж боддог байх. Үгүй. Бохирдол үзэгдэхгүй ч агаараар яг адилхан очдог гэж байгаа шүү дээ. Хордож байна гэж хэлээд суугаад байж болохгүй. Үүнийг гамшиг гэж үзээд, Үндэсний хороог Онцгой байдлын хороо болгоод, Ерөнхий сайдаар ахлуулаад, хөтөлбөр гаргуулахаар болсон. Манайхан нэг мэргэн шийдвэр гаргасан сураг байна лээ. УИХ-аар тэр хөтөлбөрийг хэлэлцэж болохгүй. Засгийн газрын түвшинд л баталж байя гэж шийдсэн гэсэн. Тэгээд Засгийн газрын түвшинд баталсан байна лээ. Миний саналаас 41 санал тэр хөтөлбөрт туссан.

Хотын дарга нартай би уулзаад хотын ИТХ үүнийгээ батал. Дүүрэг, хороон дээрээ төлөвлөгөөтэй бол гэсэн. Би хороодын бүх дарга нартай уулзсан. Хорооны хэмжээнд хэдэн айл дугуй шатааж байна, хэдэн айл хог шатааж байна, хэдэн айл нүүрс шатааж байна, хэдэн айл халаалт тавиад халдаг болсон байна. Хороонд нийт хэдэн өрх байна гэдгийг судлаад гарга гэсэн. Айл өрх бүрт таарсан бодлого явуулъя. Үүнийг буяны ажлаар шийдэхгүй юм билээ. Хүмүүсээ оролцуулж, хариуцлага хүлээлгэж байж шийдэхээс өөр арга байхгүй.

Хажуу айл нь дугуй шатаавал гарч ирээд, утасдаад шууд хэвлэл дууддаг, Ийгл телевизийг дууддаг байя. Сурвалжлага бэлтгэснийх нь зардлыг өгчихдөг байвал сэтгүүлчид гүйгээд л очино.

Эцсийн эцэст хүн муу юм хийж байгаа нь бусдад мэдэгдэж байж түүнийгээ больдог. Тэгэхгүй бол хогоо асгасаар л, ил бие зассаар л байх болно. Монголоос хэд дахин ядуу Африкт хүн ил бие засахаа больсон байна. Нүх ухаад, дотор нь хатуу торх шиг зүйл суулгадаг. Дүүрэхээр нь утасдаад, машин ирээд соруулаад аваад явдаг.

Тэгэхэд Монгол яасан бэ. Юун хөгжил яриад байгаа юм. Бид хүнээ жаргаах гээд, эхийн одон, хүүхдийн мөнгө гэснээс бус орчны тухай ерөөсөө бодоогүй юм байна. Социализмын үед ч бодоогүй, ардчиллын үед ч бодоогүй. Хүн орчинд, байгальд амьдардаг. Байгаль хүнгүйгээр маш сайхан байх болно. Сэргэх болно. Хүн байгальгүйгээр амьдарч чадахгүй. Хүн орчингүйгээр амьдарч чадахгүй. Орчин, хүн хоёрыг салгах ямар ч боломжгүй. Үүнийг УИХ-ын гишүүн бүхэн ойлгосон байх учиртай. Үүнийг №1 асуудал болгож тавих хэрэгтэй. Үүнийг ойлгуулахад та нар шаардах хэрэгтэй.

Энэ олон жил сайхан ярилаа, юу хийсэн юм гэдэг. Би чадах юмаа хийсэн. Би үүний төлөө бас явна. Иргэн болоод ч би явна. Хэзээ нэг цагт энэ асуудал шийдэгдэж л таарна. 30 жилийн дараа шийдэх юм гээд өнөөдөр хийхгүй суух юм уу. Үнэхээр бүгдээрээ хөдөлбөл 5, 10 жил дотор шийдэж болно. Манай иргэд санаачилгатай. Приус машинтай залуус энэ өвөл утаа гаргадаг айлуудыг бүртгэлжүүлсэн. Одоо үүнийг бид сансрын зургаар компьютерт оруулаад шууд хардаг, 3 өдрийн дараа Google-с харахад харагдаж байдаг болгох хэрэгтэй. Тийм програм хийж болно. Энд холбоос хэрэгтэй. Би энэ талд ажиллая гэж бодож байгаа. Би хүмүүстэй уулзсан. Маш олон гоё санаа гарч байна лээ.

Энэтхэгт мөнгө төлдөг жорлон бий болгосон байна. Жорлон тэр мөнгөөрөө санхүүжээд гялалзаад байгаа. 500 жорлон ажиллуулахад 500 хонь хариулснаас илүү орлого олж байна. Асуудлыг ингэж шийдэж болно. Ингэж хэлж ярьж байж хүмүүст ойлгуулдаг юм.

“Байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал  Эрдэнэцолмон: -Ерөнхийлөгч энэ чиглэлээр олон ажил хийсэн байна. Онцлох 3 ажил байгаа юм. Нэгд, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д Монгол Улс нэгдэж ороод тогтвортой хөгжилд Монгол Улсыг чиглүүлэх үндсэн бичиг баримт болоод явж байгаа. Хоёрт, ногоон хөгжлийн бодлогыг төрөөс анх удаа урт хугацаагаар боловсруулж баталсан. Гуравт, мод тарих өдрийг санаачилж, хавар, намартаа мод тарьдаг болсон. Цаашдаа бид хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих шаардлагатай.

Манай Байгаль орчны иргэний зөвлөлийн 64 хүн 21 Приустэй 6 дүүрэгт ажиллаж, 3000 айлын утааг бүртгэсэн.

Манай улс хөгжиж байгаа ч тогтвортой хөгжил алга. Гаднынхан ч тэгж хэлдэг. 20 сая малтай байх ёстой, 62 сая болоод байна. Тогтвортой хөгжүүлэх бичиг баримт нь одоо гараад ирсэн байна. Эндээс 3 санал хэлье. Та үлдсэн бага хугацаандаа амжуулаад 2-ыг нь хийгээч ээ.

Нэгд, нэгэнт тогтвортой хөгжил ярьж байгаа бол хүрэн эдийн засгаас шилжээд зөгийн аж ахуй, ойн аж ахуй, жимсний аж ахуй, байгалийн дагалт баялаг ашиглах боломжтой аж ахуй бий болж байна. Улсын хэмжээнд 1600 нөхөрлөл байгаа гэж байгаа ч ашиглая гэхээр эрх зүйн статус байхгүй. Үүнийг хуульд оурулах хэрэгтэй.

Хоёрт, Улаанбаатар, төв, суурин газрууд агаар, ус, хөрсний бохирдлоос гарах гарц бол ногоон байгууламж. Мод тарих өдрөөр 10 сая мод тарьсны 40 хувь буюу 4 сая мод ургасан. Ингээд субботник маягаар ажилладаг. Нэг өвөрмонгол хүн надад хэлсэн. “Танайхан сэтгэлийн хөөрлөөр мод тарьж байна. Манайхан бол сэтгэлээ шингээж тарьдаг” гэсэн. Ойн тухай хууль дээр иргэн бүр нэг мод, аж ахуйн нэгж, байгууллага 5 мод тарина гэсэн байгаа. Үүнийг Агаар, орчны бохирдлын сандаа төвлөрүүлье. Тарьж чадахгүй хүн нь хандиваа өгье. Сангаас арчилгаа, цалин, урамшууллын зардлыг шийдье.  Сангийн хөрөнгийн 50 хувийг иргэд, аж ахуйн нэгж байршуулна. 50 хувийг Засгийн газар баталж өгнө. Ингэж тогтвортой сан бий болно.

Гуравт, Улс хөгжихгүйн цаана иргэд байна. Иргэд хөгжихгүйн цаана бид бүгдээрээ эрхээ эдэлнэ гээд л дайрдаг. Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэдэг. Тэгвэл мөн тэнд “Бид орчны бохирдлоос сэргийлнэ. Байгаль орчноо хамгаалах журамт үүрэгтэй” гэж байгаа.  Үүнийг олон нийтэд давалгаа болгож хүргэхгүй бол бид эрхээ эдэлнэ л гэдэг. Хүн бүрт үүргээ ухамсарладаг тогтолцоог бий болгомоор байна.

Та Соёлын довтолгоо эхлүүлье гэж байсан. Яг түүн шиг, соёлын довтолгоо гэдэг юм уу, ухамсрын довтолгоо гэдэг юм уу, үүргээ мэдэцгээе гэдэг юм уу, тийм уриалгыг буухаасаа өмнө гаргах боломж танд байгаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ерөнхийлөгчөөс бууна гэдэг нүд анина гэсэн үг биш. Амьдрал үргэлжилнэ. Хамтарч ажиллана. Хэдүүлээ хамтраад зөндөө их юм хийнэ.

Засгийн газрын хөтөлбөрт энэ талаар санаа оруулж өгөөч гэж би гуйсан. Иргэд санаачлаад зүтгэе. Мөнгө цуглуулъя. Би бас нүүрээ  барчихсан хүн биш. Аж ахуйн нэгжүүдээс хүсье. Цуглуулсан зураг хөрөг ч байгаа, тэрийг дуудлага худалдаанд оруулъя. Надад энд тэндээс ирсэн бэлэг сэлт байгаа. Түүнийгээ үнэлүүлээд, цалингаас доогуур үнэтэй байна гээд ихэнхийг нь надад буцааж өгсөн, тэднийг заръя. Өөрийнхөө барьж байгаа үзгээ хүртэл дуудлага худалдаанд оруулж болно. Ингэж мөнгө босгож чадна. Иймэрхүү маягаар бид энэ талд мөнгө босгоё. Энэ мөнгийг нэг л зорилгод зарцуулъя.

Манай данс шилэн байя. Байгаль орчин, орчны бохирдлын эсрэг, түүнийг арилгахын төлөөх ажилд зарцуулъя. Бид 500 сая төгрөг босгоё, улс нөгөө талд 1:1 гээд 500 сая төгрөг өгчих. Тэгээд тэр 500 сая төгрөгөө шилэн дансанд байрлуулж байгаад хяналт тавь.  

Бид үйл ажиллагааны мөнгийг тусдаа өөр зардлаас гаргая. Зөвхөн үүнийг олон нийтийн төлөө зориулъя. Иргэдийн аугаа их хүч байна. 1996 онд анх удаа ардчилсан хүчин УИХ-ын сонгуульд ялаад төрд орж ирэхэд Бөхийн өргөө барина гээд манайхан 8 жил зүтгэсэн байсан.  Тэр үед Ж.Мөнхбат аварга “Энэ нэг динозаврын яс шиг юмыг барьж дуусгаж ерөөсөө чаддаггүй юм байна” гээд хэлж байсан. Найман жил яваад, 800 сая төгрөг цуглуулаад 60 хувийг нь босгосон байсан. Тэгээд иргэд мөнгө цуглуулсаар байгаад босгоод ирсэн.

Яг энэ шиг иргэдийн дэмжлэг хүлээж, хүн мөнгөө өгнө гэдэг бол хамгийн том дэмжлэгийн илэрхийлэл байдаг. Энэ үйлсийн төлөө би тав, арван мянган төгрөг өгье гэж байгаа бол үүнийг зөв гэж үзсэн хүн л өгнө. Илүүдээ гарсан мөнгөтэй хүн байхгүй шүү дээ. Баян, их мөнгөтэй хүн ч, ядуу хүн ч мөнгөө өгдөг.

Үүнтэй адил дэлхий даяар утааны асуудлыг шийдье. Гадаа нүхэнд бие засдаг байдлаа шийдье гээд 100 тэрбум ам.долларын сан байгуулж байгаа. Түүний 5 сая нь Монголд орж ирсэн. Энэ санг байгуулах хэлэлцээрийн хийхэд Монгол Улс манлайлж оролцсон. Францын Ерөнхий сайд надад баяр хүргэж байсан. Монголын Ерөнхийлөгч үүн дээр гайхамшигтай үг хэлж, гайхамшигтай ярьсан гэж байсан.

Дэлхий, байгаль орчин өөрчлөгдөөгүй гэсэн улсууд бас байдаг юм. Гэхдээ дэлхий, байгаль орчин өөрчлөгдөж байна гэж шинжлэх ухаан үздэг. Мөстэй байсан газар хайлаад дуусах гэж байна. Дэлхийн далайн түвшин 3 метрээр нэмэгдэх гэж байна. Дэлхийн далайн ойролцоо байгаа хотууд усанд живэх гэж байна. Үүнээс болоод салхи шуурга хэд дахин өндөр хурдтай болох гэж байна. Аюул маш ойрхон байна. Үүний эсрэг аянд Монгол оролцох ёстой. Оролцоод явж байгаа.

Саяхан Иргэдийн улс төрийн эрхийн тухай хууль гэж өргөн барьсан. Манай мэргэн УИХ хэлэлцэж байгаад батлах болоогүй гээд буцаасан. Дахиад хууль дээрээ сууж байгаа. Уг нь тэрийг л баталмаар байгаа юм.