You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.

МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Монгол улсын ерoнхийлөгч

МОНГОЛЫН
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Мэдээ мэдээлэл, Арга хэмжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хангайн болон төвийн бүсийн сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийв

2017-05-08 Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хангайн болон төвийн бүсийн сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ 5 дугаар сарын 1-2-нд Орхон аймагт ажиллах үеэрээ орон нутгийн телевиз, сонин, сайтын сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийв. Уулзалт, ярилцлагад Монголын мэдээ телевиз, Eagle телевиз,  Орхон аймаг, Эрдэнэт хот, Төв, Дундговь, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын телевиз, сонин, сайтын сэтгүүлчид оролцлоо.

Монголын мэдээ телевизийн сэтгүүлч Б.Батбаяр: -Сайн байцгаана уу, үзэгчид ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрсөн найман жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны биелэлтээ төвийн бүсийн иргэдэд танилцуулахаар Орхон аймагт ажиллаж байна. Бидэнтэй хамт Eagle телевиз, хангайн болон төвийн бүсийн орон нутгийн телевиз, сонин, сайтын сэтгүүлч, сурвалжлагчид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярилцахаар ирээд байна. Ингээд эхний асуултыг таны гадаад харилцааны бодлогоос эхлэе. Таныг Монгол Улсын гадаад харилцаанд дэвшил гаргасан хүн гэж хүмүүс үнэлдэг. Өмнө нь гадаад талд Монгол Улсыг хүн ам цөөтэй, хөгжиж байгаа орон гэж хардаг байсан бол одоо олон улсын тавцанд их оролцоотой орон гэж үздэг боллоо. Оролцоотой гадаад бодлогын ач холбогдлын талаар та тайлбарлаж өгнө үү?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Монгол Улсын хувьд өвөрмөц байршилтай. Гадаад харилцааны бодлого манай хувьд их өвөрмөц бодлого. Монгол Улсын гадаад харилцааны бодлого бол миний харж байгаагаар аюулгүй байдлын асуудал, эдийн засгийн бодлогын асуудал, улс орны хөгжил дэвшилтэй холбоотой асуудал юм. Өвөрмөц гэхээр дэлхийн 2 том гүрний дунд байрладаг. Дэлхийгээс нэлээд тусгаарлагдсан учраас гадаад харилцаагаа эрчимтэй явуулах хэрэгтэй. Хамгийн гол оролцож явъя гэсэн нь НҮБ байдаг. Эдийн засгийн чиглэлээр Давосын чуулган байдаг. Тэнд бид идэвхтэй харагдаж ажиллах юм бол нөлөөтэй хүмүүстэй холбоо хэлхээгээ тогтоодог, түүгээр дамжуулаад эрчимтэй ажиллах бодлого үргэлжилдэг. Энэ найман жилд гадаад харилцааны бодлогод амжилт, үсрэлт гарлаа гэж хүмүүс хэлж байгаа нь нэг талаас сайхан сонсогдож байна. Нөгөө талаас энэ бол олон жилийн уламжлалт бодлого. Бид нээлттэй бодлого явуулна. Улс гүрнүүдтэй эв найрамдалтай бодлого явуулна. Өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан бодлого явуулна гэж тунхагладаг.

Хөвсгөл аймгийн “Далай ээж” телевиз, “Далай ээж” сонины сэтгүүлч Б.Сарантуяа: -Төрийн албан хаагчид цаанаа компанитай. Тендэр эздэдээ хүрдэггүй гэж та хэлж байсан. Аймгуудад ч энэ байдал ялгаагүй. Энэ дээр ямар арга хэмжээ авах вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Төр тэргүүлж байсан хүмүүсийн түүхийг харж байхад би ийм 4-5 зүйл дээр амжилт гаргалаа. Ийм 3-4 зүйлийг хийж чадсангүй гэж ярьдаг. Хийсэн ажлаа иргэддээ тайлагнаж байгаа болохоор цаашдаа хийгээсэй гэсэн ажлуудыг сая УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр ярьсан. Гол нь төрийн зардлаа багасгая. Төр аж ахуй эрхлээд байгаа юм. Үүнийг болимоор байгаа юм. Төрд ажиллаж байгаа хүмүүс нэг УИХ-аас нөгөө УИХ-д, нэг Засгийн газраас дараагийн Засгийн газарт шилжихэд өмнөх алдаагаа давтахгүй, давтахгүйн тулд хуульд оруулж бэхжүүлээд, хатуу мөрдөөд явбал Монгол урагшаа явна. Улс орнуудын хөгжлийг харахад тэгж л явж байгаа.

Төр яаж аж ахуйтай зууралддаг вэ гэхээр манай бүх яам тендэртэй холбогддог. Сургууль барих гэхэд БСШУСЯ-аар дамждаг. Тэгэхээр л яам бодлогын ажлаа хийж чаддаггүй, барилга барьдаг компани шиг түүний хойноос хөөцөлддөг. Хамгийн муу үг мөнгөнөөс болж гардаг. Хардалт үүсдэг.

Тендэртэй холбоотой бүх ажлыг мэргэжлийн нэг жижигхэн агентлаг л шийддэг байх ёстой. Яамд дээр тендэрийн асуудал байх шаардлагагүй. Оюутолгой, Тавантолгойн гэрээн дээр сайд, дарга нар орж гэрээ, хэлцэл хийгээд, түүнийг Засгийн газрын түвшинд яриад, УИХ дээр яриад байгаа учраас улс төр нь аж ахуйтай хутгалдаад, хамаг муу муухай яриа гүтгэлэг гараад, нийгэмд хардлага төрөөд, төрдөө итгэх итгэл алга болдог.

Бусад оронд гэрээг мэргэжлийн компани л хийдэг. Төр түүнд захиалгаа л өгдөг. Манайд ийм мэргэжлийн байгууллагууд бий болчихсон. “Эрдэнэс Монгол” гэж компани байгуулсан шүү дээ. Энэ бол уул уурхайн чиглэлээр явж байгаа бүх гэрээ, хэлэлцээрийг гаднын байгууллагуудтай хийдэг. Төр зүгээр хянаад сууж байдаг. Манайд явсар байгаад улс төрийн хамгийн дээд түвшинд хүрч ирээд тулчихдаг. Тэгээд хариуцлага тооцох боломжгүй. УИХ, Засгийн газар өөрөө оролцчихоор өөртэйгөө хариуцлага тооцож чаддаггүй.

Миний хийж чадаагүй, Монголын төрд цаашид хийх шаардлагатай зүйл бол яг ийм байдлаар хийдэг хийдэг ажлыг нь хуваарилаад, түүнийг хуульд хатуу тусгаад явах хэрэгтэй байгаа юм.

Бидний улс төрд 27 жилийн өмнө гаргаж байсан алдаа, УБХ, УИХ-ын алдааг өнөөгийн Засгийн газар давтаад байна. Тэгэхээр л хөгжил биш. Уг нь тэр алдааг засах аргыг 1996 онд хуульд тусаад, хууль, стандарт нь улам чангараад цаашаа явсан бол манай улс орон урагшлах боломжтой. Хүн нэгэнт сургамж авсан бол түүнийгээ өөртөө мөрдлөг болгоод явдаг, улс орон сургамж авсан бол түүнийгээ хуульд оруулаад явах хэрэгтэй юм.

Орхон аймгийн “Номин” телевизийн сэтгүүлч А.Саранчимэг: -Монгол Улс эдийн засгийн тогтворгүй, хүнд нөхцөл байдалд байна. Жирийн иргэд туйлдаж байна. Иргэдийг  сэргээх ямар арга зам байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Нэг арга зам, нэг бодлогоор үүнийг сэргээнэ гэж байхгүй. Нэг ийм үг байдаг. Яаж тэр алдаа, хүндрэлд хүрсэн бэ, яг тэр замаараа эргэж гардаг гэдэг. Монгол Улс эдийн засаг, санхүүгийн хүндрэлд орсон байдлаасаа гарахын тулд бас л хүнд замаар явж гарах нөхцөл байдал үүсчихээд байгаа юм. ОУВС-гийн хөтөлбөрт орно гэж байна. Энэ ямар учиртай вэ гэхээр улстөртэй холбоотой дэлхийн улс орнуудын асуудлыг НҮБ шийддэг. Эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй холбоотой асуудлыг ОУВС шийддэг. Гишүүн орондоо туслалцаа үзүүүлж, хамтарч ажиллаж байгаа юм.

Бид дотроо санхүүгийн сахилгаа хатуу барьж, мөнгө, зээлийн бодлогоо зөв хэрэгжүүлж чадаагүй. Их орлого олж байх үедээ их хэмжээний зардал гаргачихсан. Одоо тэр хэмжээний орлого олж чадахаа болиод 3-4 жил болоход зардал хэвээрээ байгаад байдаг. Үүнээс болоод өрөнд орчихсон.

Миний хэлээд байдаг зүйл бол иргэдийнхээ идэвх зүтгэл, бүтээгчдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлмээр байгаа юм. Эдийн засгийн бодлого дотор төр нь тоглогч болоод ороод ирэхээр л болохоо больдог. Төр үүний гадна байгаад, дүрэм журам, стандартаа бариад явах чиглэл рүү явах шаардлагатай.

 Манайд дөрөв дөрвөн жилээр алдаа давтагдаад байгаа. Одоо тэгээд “Аль нь ч гарсан адилхан даа. Намууд ижилхэн болчихлоо. Алдаа нь адилхан байна” гэж нэг ярьдаг зүйлтэй болчихлоо шүү дээ. Одоо үүнийг зогсоомоор байгаа юм.

Бид нүүдэлчид. Урт замд нүүж яваад тэмээгээ амрааж хэвтүүлээд ачаагаа бөхөлдөг шүү дээ. Түүн шиг ачаагаа нэг бөхлөөд, ийм ийм хуулиа шийдье гээд явах ёстой. “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн санаачилгыг би 2013 онд гаргасан шүү дээ. Яамд, Засгийн газар, УИХ-ын хүрээнд ийм ийм ажил хийе. Би  ийм ийм хууль санаачилж оруулъя гэдгийг хэлсэн. Үүнийг манай хоёр гол нам дэмжээд, УИХ-ын гишүүд бүгд дэмжээд, хамтарч ажиллахаар болоод, тухайн үед сэргэлт авч байсан. Цаг хугацаа алсрах тусам тэр алга болоод, дараагийн сонгууль дөхөөд, улстөржилтөд автаад, иймэрхүү яваад байгаа юм.

Энэ дээр маш их тодорхой бодлого бол Орон нутгийн хөгжлийн сан гэж байгаа. Арай бага аймагт дээд тал нь 8 тэрбум төгрөг очдог байсан. Эрдэнэтэд 16  тэрбум төгрөг очдог байсан. Одоо 5 тэрбум төгрөг болж буусан. Найман тэрбум төгрөг очдог байсан аймгийн санхүүжилт 2 тэрбум төгрөг болж буусан.

Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг манай орон нутгийнхан хамгийн зөв зарцуулж чадаж байсан.

Гудамжаа гэрэлтүүлээд, хогны асуудлаа шийдээд, жижиг, дунд бизнес эрхлэх санхүүгийн эх үүсвэр болгоод, хүүгүй юм уу, маш бага хүүтэй зээлээд эхэлсэн. Яг ийм байдлаар орон нутагт, тэнд юм хийх хүмүүсээ дэмжих бодлогоо түлхүү явуулж байж л хүндрэлээс гарна. Орон нутагт очдог мөнгөө хасаад, төвийн зардлыг хэвээр нь авч үлдээд байгаа дээр л хүмүүс дургүй байгаа. Та нар энгийн иргэдийнхээ төлдөг зүйлийг нэмчихээд, төрийн данхайсан бүтэц, тэнд гарч байгаа зардлаа хасахгүй байна гэдэг шүүмжлэл бол маш зөв шүүмжлэл.

Ерөнхийлөгчийн хувьд төсвөө хасаад болоод байгаа. Ерөнхийлөгчийн төсөв 2013 онд 11,5 тэрбум төгрөг байсан. Одоо 4,5 тэрбум төгрөг болсон шүү дээ. Үүн дээр Ерөнхийлөгчийн аппарат, бид нар ажиллаад болж л байна. Яг үүн шиг төрийн данхайсан бүтэц бүх яаман дээр хасагдчихсан бол, Засгийн газар, аймгууд дээр ч хасагдчихсан бол төрийн ачаалал тэр хэмжээгээр багасах л байсан. Ийм байдлаар шахаад байвал улстөрчид нэг ойлголт авах байх аа.

Энэ чиглэлийн хуулиудыг уг нь санаачлаад оруулсан. УИХ-ын хүрээнд ч уулзаж сая нэлээд сайн ярилцсан.

Эрдэнэт хотын ETV телевизийн сэтгүүлч Б.Гантуяа: -Таны хувьд монгол хүн гэдгийг юу гэж тодорхойлох вэ? Монгол хүн дэлхийн бусад орны хүнээс юугаараа онцлог байдаг вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Орчлонд хэдэн тэрбум, хэдэн зуун тэрбум гариг, ертөнц байна. Энэ дотроос энэ дэлхийг олж төрнө гэдэг гайхамшиг. Бас хэдэн зуун улс орноос Монголыгоо олж төрнө гэдэг гайхамшиг.  Монголоос өөрийнхөө төрсөн газрыг олж төрнө гэдэг гайхамшигтай. Үүгээр монгол хүний гол шинж чанар гарч ирж байгаа.

Монгол хүн эхлээд хүн байх хэрэгтэй. Монгол хүний асуудал чухал. Тэгээд эх орон, газар нутаг, эх түүх, соёл, өв уламжлал гээд ярьдаг. Есдүгээр сарын 1 болгонд, хичээлийн шинэ жилийн нээлтээр Ерөнхийлөгч анхны цагийн хичээл ордог. Тэр бол монголчуудад мэдээлэл хүргэх гэж ордог хичээл.

Миний гол барьдаг бодлого бол хүүхдийг төрсөн цагаас нь монгол хүмүүжлээр хүмүүжүүлэх хэрэгтэй. Монгол ээжүүд уламжлалаараа яаж хүүхдээ өсгөдөг байсан, яаж хүүхэдтэйгээ харилцдаг байсан, тэр сайхан бүхнийг хүүхэддээ шингээх ёстой. Монгол хүүхдийг эхнээс нь Монголоо хайрладаг, Монголоо мэддэг, монгол уламжлалаа хүндэтгэдэг болгочихвал дараа нь Монголоороо бахархаад, Монголын түүхээрээ бахархаад, бусдаас ялгараад, дээрээс нь бусдын сайн сайхнаас сураад явна.

Ерөнхийлөгчийн хувьд миний барьж ирсэн нэг зүйл бол монгол дархлааны асуудал. Монгол хүн, Монгол хүний сайн сайхан гэдэгт Ерөнхийлөгч заавал анхаарах хэрэгтэй. Монгол Төрийн тэргүүн гэдэг бол монгол соёл, Монголын түүх зэргийг авч явах, ард иргэддээ түгээхэд хамгийн их туслах хэрэгтэй гэж бодсон.

Миний хийж хэрэгжүүлээд, хүнд хүрсэн 120 гаруй ажил байна. Түүнээс 30 гаруй нь Монголын түүх, ёс уламжлал, соёлтой холбоотой. Цаашдаа Төрийн тэргүүнээр сонгогдох хүн маань бас Монголын түүх, уламжлал, соёл, өмнө нь хийж хэрэгжүүлж байсан бодлогыг цааш үргэлжлүүлээд аваад явах хэрэгтэй.

Монгол бичгийн чиглэлээр бидний гаргасан сайхан санаачилгууд бий. Миний гадагшаа явж байгаа захиа дандаа монгол бичгээр, гарын үсэг ч монголоор явдаг. Хүүхэд төрөхөд гэрчилгээг нь монгол бичиг, кирилл хоёроор бичээд өгч байгаа шүү дээ. Сургууль төгссөн гэрчилгээг бас тэгж өгч байгаа. Дунд сургуулийн сурагчид, залуучууд  монгол бичиг рүүгээ их татагддаг болсон байна. Багш нар үүнд их анхаардаг болсон байна. 

Бид бас санаачлаад нэгдүгээр ангиас нь Иргэний боловсрол гэдэг хичээл оруулж байгаа. Энэ хичээл 8 жил явлаа. Улс орондоо амьдралаа сайн, идэвхтэй аваад явдаг иргэн байх л хамгийн том ажил гэж би боддог. Энэ цаашаа үргэлжлээд явна. Соёл болгож тогтоох ёстой.

Сайн удирдагч бол өөрийнхөө нэрээр юм нэрлүүлэхдээ биш, тэр хүний нэр мартагдчихсан, эхлүүлсэн ажил нь соёл, уламжлал болоод цаашаа явахыг л сайн ажил, сайн бодлого гэж байгаа.

Орхон аймгийн “Тусгал 1” телевиз. М.Мөнхцэцэг: -Таниас өмнөх Ерөнхийлөгч нар бүрэн эрхээ дуусгаад аймгуудаар явж тайлангаа тавьж байсан тохиолдол байхгүй. Таных бол анхны тохиолдол. Та үүнээс ямар үр дүн хүлээж байгаа вэ?

Хоёрт, Та Эрдэнэтэд амьдарч байсан. Орхон аймаг хотожсон аймаг болчихсон. Хонь мал бэлчдэг, тэгсэн хэрнээ хот байгаад байдаг. Хөгжлийн ялгаа гардаг. Малчин багаа татан буулгаснаа буцаагаад сэргээсэн. Энэ бол Эрдэнэтийн хөгжлийн бас нэг чөдөр тушаа юм болов уу гэж боддог. Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоос бас хэцүү. Энэ дээр Эрдэнэтийн иргэний хувьд та юу хэлэх вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Сонгогдохдоо бид аймгуудаар явж ийм зүйл хийнэ гэдгээ ярьдаг. Ажлаа өгөхдөө эргээд ард иргэдтэйгээ уулзаад “Ийм ажил амжуулла. Ийм юм хийлээ. Ийм зүйлийг хийж чадсангүй” гэж хэлэх нь зөв уламжлал гэж би бодож байгаа. Цаашдаа аймгийн Засаг дарга нар, газар, агентлагийн дарга нар, сайдууд, УИХ-ын гишүүд хүмүүстэйгээ уулзаж, юмаа ярьж, ард иргэдийнхээ санаа бодлыг авдаг байх нь зөв гэж бодож байгаа. Үүнийг бид Дорнодоос эхэлсэн. Зүүн, говийн бүсийн сэтгүүлчидтэй уулзсан. Эрдэнэтэд бас олон аймгийн сэтгүүлч ирсэн байна. Бүх аймгаар орж амжихгүй учраас бүсчилж уулзаж байгаа. Ингэж уулзаж ярилцах нь зөв хэлбэр юм.

Эрдэнэтийн хувьд зөвхөн Эрдэнэтийн ч асуудал биш. Эрдэнэтийн ажил үйлс сайн байх юм бол монголчуудын ажил үйлсэд нөлөөлдөг. Эрдэнэт үйлдвэр энд байна. Эрдэнэтийн хүн ам 100 мянга давлаа. 101 мянга болж байна.

Монголд хот, захаар нь явахаар гэр хороолол, бүр цаашлахаар малчин хороолол болоод явдаг. Энэ бол Монголын өөрийнх нь онцлог юм. Монголын хот иймэрхүү байдлаар л цаашаа явах байх. Энэ онцлогоо зөв хадгалаад, зөв хөгжүүлээд явбал энэ бас Монголын  давуу тал. Буруу бодлого явуулаад нэг талыг нь илүү барих юм бол явцуу бодлого болох байх.

Үйлдвэртэй холбогдуулж ярихад уул уурхайн үйлдвэрүүдийг заавал ямар нэг үр дагавар дагаж явдаг. Жишээ нь, цагаан тоосны асуудал. Үүнээс үүсдэг өвчлөлийн асуудал байгаа. Энэ дээр эрдэмтэд, судлаачдын хийсэн, олон улсын хэмжээнд үүн шиг зэсийн том үйлдвэрүүд дээр гаргасан сайн туршлага, үр дүнгүүд байна. Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэр дээр байгаль орчинд анхаарсан бодлого, хэлтэс гарч байгаа гэж ойлгосон. Эрдэнэт үйлдвэр  цаашдаа өвгөрөөд, хөгшрөөд, баялаг шавхагдаад ирвэл энд төвлөрсөн хүмүүс яаж амьдрах вэ гэсэн төлөвлөгөөг одооноос бодож, одооноос гаргаж ярилцаж байх хэрэгтэй. Нэг л өдөр, нэг үеийнхэн дээр маш их хүнд ачаа болж магадгүй шүү.

Бидний үе 30 жилийн турш Эрдэнэт үйлдвэрийнхээ ач тус, сайн сайхныг хүртэж явсан. Энэ үеийнхэн асуудлыг шийдвэрлэхэд нь дандаа анхаарч, Монголын төр, засгийн бодлогод, орон нутагт ч адилхан, тусгаж байх ёстой.

Дарханы ТВ10 телевизийн захирал Г.Энх-Од: -Та УИХ-ын хаврын чуулган дээр хэлсэн. Төрийн зарим үйл ажиллагааг түрээсээр хийж байя гэсэн. Энэ дээр нэмж мэдээлэл өгнө үү?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Энэ бол хамгийн чухал санаа. Өмнө нь ч үүнийг “Том төрөөс ухаалаг төр рүү” гэдэг санаачилгадаа гаргаж маш тодорхой ярьсан. Төрийн албан хаагчдын унах машиныг төр худалдаж аваад байх хэрэггүй. Аймгийн Засаг даргын Тамгын газарт 20 машин хэрэгтэй бол аймагт машин оруулж ирж байгаа компанитай гэрээ байгуулаад түрээсээр ашигла. Түрээсийн төлбөрөө төлнө. Төр төсвийн мөнгөтэй учраас хамгийн сайн түрээслэгч байдаг. Тэнд хувийн компаниуд өрсөлдөж эхэлдэг. Машин худалдаж авахад төр мөнгө гаргахгүй, түрээслэнэ. Маш их мөнгө хэмнэнэ. Машины бензин, тос, засварт мөнгө гаргахгүй. Жолоочид мөнгө гаргахгүй.

Төрийн том байгууллагууд, яам, Тамгын газрууд өөрийн цэвэрлэгч, өөрийн үйлчлэгч, өөрийн гуанзтай. Гуанз нь түрээсийнх байг. Ингэхэд хоол унд хийдэг газрууд өрсөлдөнө. Төр сайн түрээслэгч учраас өрсөлддөг. Тэнд мөнгө гаргах хэрэггүй. Түрээсийн мөнгөө тохирохоос өөр зардал гарахгүй. Цэвэрлэгээгээ бас тэгж түрээсээр хийдэг. Ийм маягаар төр ажиллаж байна гээд бод доо. Ингэвэл төрөөс гардаг зардал багасна.

Гадаад яам, Батлан хамгаалах яам гээд өөрийн түүхтэй, өөрийн байртай яамдаас бусад яамд ордны дэргэдэх Хэвлэх үйлдвэрийн нурсан байрны оронд өндөр байшин бариад, тэнд ороод, нэг байранд орвол жижүүр гэхэд нэг л хүн байна. Арван байранд 10 жижүүр, тэгээд ээлжээр нэмэгдэнэ. Сайд, дарга нар 3 өрөөтэй, цаана нь суудаг өрөө, дамждаг өрөө, усанд ордог өрөө, уулзалт, хурлын өрөө гээд байна. Түүний түрээс, зардал нь их. Монголд өвөл, хавар болдог. Асар өндөр халаалтын системтэй орон. Үүндээ маш их мөнгө гаргадаг. Тэгэхгүйгээр зохион байгуулж болно. Үүнийг л 2000 оны үед ч юм уу, хуульчилсан бол цаашаа явах байсан. Хэзээ нэг цагт төр энэ рүү шилжиж л таарна. Одоо энэ хүндрэлтэй үеийг далимдуулаад ард иргэдэд татвар нэмэх биш, саяын маягаар зардлаа хасч болно.

ОУВС нэг юм хэлээд байгаа. Монголын төр зардлаа яаж хасах гэж байгааг та нар л шийдэж байгаа шүү. Орлогоо яаж нэмж олохыг Монголын Засгийн газар л  өөрөө шийдэж байгаа шүү. Татвар нэмэх нь та нарын гаргаж байгаа шийдвэр гэж хэлээд байгаа. Уг нь түрээсийн зарчим руу орлоо. Аж ахуй эрхэлдэг бүтцүүдээ татан буулгалаа. Ингэвэл болно.

Хуучин эрхэлсэн сайд гэж бид томилж үзэж байсан. Манай Засгийн газрын үед хоёр эрхэлсэн сайдтай байсан. Д.Дорлигжав Мэргэжлийн хяналт эрхэлсэн, У.Хүрэлсүх Онцгой байдал эрхэлсэн сайд байсан. Бусад сайдыг яамны сайд гэж нэрлээгүй. Бид 1996 бил үү, 1992 онд хуульд өөрчлөлт оруулсан. Одоо Эрүүл мэндийн яамны сайд гэдэггүй шүү дээ. Эрүүл мэндийн сайд гэдэг. Тэр сайд эрүүл мэндийн салбарынхаа бодлогыг хариуцна. Яамыг хариуцсан хүн биш. Яам хариуцсан хүн бол төрийн нарийн бичгийн дарга.

Сайд томилогдоод очихдоо туслахаа, жолоочоо, олон нийттэй харилцах ажилтнаа авч очиж болно. Миний санаачилсан Төрийн албаны тухай хуулиар сайд сонгуулиар өөрчлөгдлөө гэхэд 3-5 хүнийг л тэр яам солино. Өөр хөдөлгөөн хийхгүй. Бусад нь мэргэжлийн шалгуураар явдаг. Мэргэжилдээ тэнцэхгүй бол ажлаа өгнө. Цаана нөөцөд бүртгэгдсэн хүн нь орж ирнэ гээд хуульчилж өгөөд УИХ-аар батлуулах гээд оролдоод байна шүү дээ. Улс төр, төр хоёрыг ингээд л ялгачихна.

Улс төрийн амьдралд ороод явахад туршлага бий болдог. Би жишээ нь, алдаж оноод 27 жил энэ дундуур явлаа. Найман жил Ерөнхийлөгчөөр ажиллалаа. Энэ асуудлыг ингэж шийдмээр байгаа юм гэж хэлэхээс аргагүй.

Ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаартай. Би өөрөө хууль гаргаж чадахгүй. Заавал УИХ-аар орно. Олонхи хүлээн зөвшөөрөхгүй бол тэр хууль хэзээ ч гарахгүй. Засгийн газарт чиглэл өгдөг. Түүнийг Ерөнхий сайд хүлээж авахгүй бол миний үг зүгээр л үг болоод үлддэг. Зарим хүн хэлдэг. “Энэ нөхөр уг нь зөв яриад байна. Яагаад хэрэгжүүлдэггүй юм бол оо” гэдэг. Тэр нэг уялдаан дээр очоод л болохоо болиод байна л даа. Одоо миний энэ хэлж байгаа үгийг аваад, хийгээд явах хэрэгтэй. Үүнийг ард иргэд, хэвлэлийнхэн шаардвал хийх байх гэж би найдаад байна.

Хэрэв энэ асуудлыг өнөөдрийн эрх баригчид шийдэхгүй бол дараагийн эрх баричдын шийдэх ажил болно, дараагийн эрх баричдын амлалт болж хувирна. Түүнийг ард түмэн дэмжинэ шүү. Энэ хэзээ нэг цагт шийдэгдэж л таарна гэж би УИХ дээр хэлсэн. Уг нь эртхэн шийдвэл сайн. Ялангуяа энэ УИХ-ын үед, ийм олонхитой, ийм зохион байгуулалттай байгаа дээр дутагдлаа олж хараад шийдээд явбал Монголын ард түмэнд л хэрэгтэй.

Өвөрхангай аймаг. Арвайхээрийн “Чөлөөт суваг” телевизийн сэтгүүлч Ц.Одончимэг: -Асуултаа тодруулахын тулд өөрийнхөө аймгаар жишээ татъя. Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд иргэд гомдлоо хэлж байна. Иргэдээс ирж байгаа гомдлын дийлэнх нь, 30-40 хувь, магадгүй түүнээс илүү хувь нь төрийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой байдаг. Эмч, багш, гэрлийн байцаагч гээд, тэдний  ёс зүйтэй холбоотой асуудал яригддаг.

Хэвлэл, мэдээллийн байгууллага өөрийн ёс зүйн дүрэмтэй. Төрийн албан хаагчид бас тийм байж болох уу?

Хоёрт, Монголын иргэдийн дийлэнх малчид байна. Малчид руу чиглэсэн ямар ажлуудыг өнгөрсөн жилүүдэд хийсэн бэ? Малчид мэргэжлийн үнэмлэхтэй боллоо гээд олон жишээ байна. Энэ тал дээр тодруулж хэлнэ үү?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Сая хууль гэж ярьсан. Хэрэв сайн хууль гарвал тэр нь нийгэмд соёл болж үлддэг. Хүний  мөрдөх ёс зүй болж хувирдаг. Монголын нууц товчоо зэргээс та нар харж байгаа. Төрд ажиллах хүмүүст өндөр ёс зүй тавьдаг. “Ардаа алагчилж болохгүй” гэдэг. Өөрийгөө илүүд үзэж, боломжоо илүү ашиглаж, илүү юм авч болохгүй ч гэдэг юм уу. Энэ бол ёс зүй байсан юм.

Ерөнхий сайд гэдэг бол Монголын бүх төрийн захиргааны албан хаагчдын дарга нь гэсэн үг. Монголд төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэм бий болгох цаг болсон. Үүн дээр ажлын хэсэг ажиллуулж байгаа. Монголд ч, олон улсад ч сэтгүүлчид, хэвлэлийн редакциуд ёс зүйн дүрэм мөрдөөд явж байгаа шүү дээ. Үүнтэй адилхан төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэм гаргаад, тэр нь маш хатуу, хэрэгждэг. Ерөнхий сайд томилогдоод л түүнд гарын үсэг зурдаг. Төрийн алба нь, Ерөнхий сайдын баг болж ажиллах гэж байгаа бүх хүмүүс  Засгийн газрын бүрэн эрх эхлэх өдөр “Төрийн албан хаагчид ажлаасаа халагдахгүй, ёс зүйн дүрмийг мөрдөнө” гэж бүгд гарын үсэг зурдаг байя. Манайд төрийн албан хаагчид тангараг өргөдөг. Одоо тангаргийг нь дэлгэрүүлээд ёс зүйн дүрэм болгох ёстой. Тэгээд хариуцлага тооцоод эхэлбэл иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэнэ.

Үүгээр дамжуулаад бид шүүхийн байгууллагыг өөрчилж чадлаа шүү дээ. Шүүгчдийн ёс зүйн дүрмийг Ерөнхийлөгч баталдаг юм. Сахилгын зөвлөл, мэргэжлийн зөвлөл гэж байгаа. Монголын төрийн албан хаагчдаас хамгийн их мэргэжлийн өндөр шалгуур тавигдаж, улс төр орохгүйгээр шийдэгддэг гол алба бол миний хаж байгаагаар шүүх байгаа юм.

Монголд өнөөдөр 470-аад шүүгч байна. Түүний 150 нь сүүлийн жилүүдэд солигдсон. Дандаа шинэ шүүгчид орж ирсэн. Ямар ч хүний оролцоогүйгээр мэргэжлийн шалгалтаа өгдөг. Цаана нь Шүүхийн ерөнхий зөвлөл байгаа. Ерөнхийлөгч шууд дурын хүнийг шүүгчээр томилдоггүй. Бүх шалгуураар гарч ирсэн хүнийг албажуулах үүрэг л надад байна.

Шүүхэд итгэх итгэл сайн байна. Өмнө нь 20 хувьтай байснаа одоо 60 хувьтай болж байна. Бусад төрийн байгууллагаас өндөрсөж байна. Шүүх дээр бид ингэж хийж чадаж байгаа юм чинь төрийн бусад алба дээр үүнийг хийхэд маш амархан. Энэ ажлыг энэ Засгийн газар хэрэгжүүлээд эхлэх л хэрэгтэй байгаа юм.

Орхон аймгийн ТВ10 телевизийн сэтгүүлч Г.Оюунтуяа: -Эрдэнэт хот уул уурхай түшиглэн хөгжиж байгаа. Нөөц дууссаны дараа иргэд маань юунд түшиглэж хөгжих вэ? Та өнгөрсөн 8 жилд олон хууль санаачилж батлуулсан. Хөрсөн дээр бууж, хамгийн сайн хэрэгжиж байгаа хууль аль нь вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Эрдэнэт үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад 40 жил болж байна. ЗХУ-ын мэргэжилтнүүд, тухайн үед үйлдвэрийг барьж байсан хүмүүс 30 жил бүрэн хүчин чадлаараа ажиллана. Түүнээс хойш Эрдэнэтийн баялаг багасна гэж байсан. Хамгийн сайн тал нь үе үеийн төрийн байгууллага бодлого гаргаж, хайгуулын ажлыг зогсоогоогүй. Эрдэнэт уулын орой хэсэг дээр олдсон боломж өөр хаана байна. Ямар суваг, судагт ямар  боломж байна гээд хайгуулын ажлаа үргэлжлүүлээд хийгээд байгаа.

Энэ дээр дүгнээд үзэхэд 30 жил биш, дахиад 20-30 жил, 50-60 жил явах боломжтой гэж харж байгаа. Гэхдээ энэ нь тайвшрах үндэслэл биш л дээ. Үйлдвэр анх ашиглалтад ороход машин техник, бүх зүйл шинэ байдаг. 30 жил ажиллаад ирэхэд тоног төхөөрөмж хэцүү байдалд орж байгаа. Ингээд шинэ өргөтгөл барилаа.

Эрдэнэтийнхний нэг сайхан уламжлал байгаа. Дотоод засвар, сэлбэг хэрэгслийнхээ өндөр хувийг өөрсдөө хийдэг болсон. Би анх 10 жилийн сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводод слесарь болж байсан хүн. Тэр үед засч хийж байсан зүйл одоо цаашаа явсаар 20-30 жил дотор үнэхээр их юмаа өөрсдөө хийдэг болсон. Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа бас нэг сайн зүйл бол аль ч орны уул уурхай дээр очоод ажилласан ажиллаж чадахаар өөрийн мэргэжлийн багтай. Энд ажиллаж байсан зарим хүн өөр газар очоод өндөр цалинтай зөвлөх хийгээд явж байгаа тохиолдол бий.

Эрдэнэт үйлдвэр уг нь олон үйлдвэрийн цогцолбор болмоор байгаа юм. Тэгвэл их сайн болно. Тэгээд зөвхөн Эрдэнэтийн биш, Засвар механикийн завод дээрээ тулгуурлаад бусад уул уурхай дээр ажиллаж байгаа үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг хийдэг болъё. Бүр цаашаа экспортод гаргадаг болъё. Манай хоёр хөрш уул уурхайн асар их бүтээгдэхүүн хэрэглэдэг. Шаардлагатай зүйлийг энэ 2 руу гаргадаг болъё. Судалгаагаа эхлүүлж байгаа юм байна лээ.

Цаашдаа Эрдэнэт үйлдвэрт Аж үйлдвэр, технологийн парк байгуулъя гэж байгаа. Эрдэнэт үйлдвэрт хоёр МСҮТ байгаа. Техникийн сургууль бий. Эрдэнэтэд ийм төвлөрсөн боломж байна. Миний харж байгаагаар Эрдэнэт цаашдаа боловсролын төв болж болохоор байгаа юм. Улаанбаатараас их, дээд сургуулиудыг явуулъя. Гаргая гэж ярьдаг шүү дээ. Зарим их, дээд сургуулийн салбарыг энд байгуулж, дараа нь бүтнээр нь тэр их, дээд сургуулийг нааш нь шилжүүлэх боломж ч байж болох юм.

Эрдэнэт үйлдвэрт түшиглээд эмчилгээ, оношлогооны төв, эмнэлэг байгуулагдлаа. Түүнийгээ бид өөд татах юм бол Улаанбаатарт ч байхгүй өндөр түвшний техник, технологитой эмнэлэг байгуулагдсан шүү дээ. Эрдэнэтэд хамгийн сайн оношлогоо хийлгэж болж байна. БНСУ, Япон явах шаардлагагүй болж байна гэвэл Эрдэнэт рүү хүмүүс ирдэг болно. Зөвхөн монголчууд биш, 2 талаас ч хүмүүс ирж магадгүй.

Монголд амархан хөгжиж болох эрүүл мэндийн салбар бол шүдний эмнэлэг юм. Монголд шүдийг бусад орноос хамгийн чанартай, хямдхан хийж чадаж байвал маш сайн. АНУ, Японд ажиллаж байгаа хүмүүс шүдээ янзлуулахын тулд Монголд ирж хямд засуулаад, гэртээ ирж аав ээжтэйгээ уулзаад буцдаг. Шүдний өвчлөл дэлхий дээр маш өргөн байдаг. Хүүхдүүд бага байхдаа л шүд нь цоорчихсон явж байна шүү дээ. Би энэ насан дээр миний бүх шүд бүтэн. Монголчууд үүнийг авч явж чадаж байсан. Монгол цагаан идээгээр эмчилдэг. Үүн дээр их боломж байна. Шүд, ястай холбоотой бэлдмэл хийж болно. Ингэвэл монголчууд гайхуулж болно. Ганцхан ийм салбараар хөгжиж болно. Ийм зүйлийг нүдийг нь олж харж, хийвэл ганц Эрдэнэт биш, Монгол Улсад ирээдүй олон бий.

Төв аймгийн ТВS телевизийн сэтгүүлч Хонгорбаатар: -Орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж байгаа анхдагч Төрийн тэргүүн бол та болж байна. Үүнд талархаж байгаагаа хэлье. Таныг Төрийн тэргүүн байх хугацаанд Төв аймгийнхны хувьд нэг түүхэн үйл явдал болсон. Аймаг 2013 оны 9 дүгээр сард Сүхбаатарын одонгоор шагнуулсан. Төв аймгийнхаа 90 гаруй мянган иргэдийн өмнөөс танд талархаж явдгаа илэрхийлье.

Та яриандаа Орон нутгийн хөгжлийн сангийн тухай дурдаж байсан. Сүүлийн жилүүдэд орон нутагт бүтээн байгуулалт их хийгдэж байгаа. Гэтэл Орон нутгийн төсөв гацаанд ордог. Төлөвлөсөн ажлууд хойшилдог. Энэ гацаанаас гарах арга замыг та юу гэж боддог вэ? Өрөөс яаж гарах вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Төв аймаг бол онцлогтой аймаг. Дунд нь улсын нийслэл Улаанбаатар оршдог. Монголын төр, засаг цаашдаа анхаарах шаардлагатай нэг асуудал байгаа юм. Орчны бохирдол байна. Улаанбаатарт нийт хүн амын 40 хувь нь амьдарч байна. Жаахан дулаараад, утаа багасаад, хүмүүсийн бухимдал алга болоод эхэлдэг. Гэтэл Эрдэнэтэд, аймгийн төвүүдэд утааны асуудал гараад ирсэн. Дээр нь гэр хороололд газар жорлон ухаад, түүн рүүгээ янз бүрийн бодис, хлорамин хийдэг. Тэр нь удаад ирэхээрээ усандаа ороод, хөрс, ус, бүх орчин бохирддог. Тэндээсээ агаар бохирддог. Утаа, бохирын асуудал Монголд асар том юм болох нь ээ.

Бүх орон жорлонгийнхоо асуудлыг шийдсэн байдаг. Энэтхэгт очиж үзсэн бол бас л хүнд байдалтай шүү дээ. Бидэнтэй ер нь адилхан. Энэтхэгийн одоогийн Засгийн газрын хамгийн гол амлалт нь 00-ийн асуудлыг шийднэ гэж гарч ирсэн. Энэтхэгт 100 сая орчин үеийн 00 барина гээд хийгээд явж байна. Монголд өнөөдөр энэ хувьсгалыг хийхээс өөр аргагүй.

Би “Соёлын довтолгоо-2” гэж эхлүүлье гэж саяхан хэлж байсан. “Соёлын довтолгоо-1” гэж 1950-1960-аад оны үед явж байхад элдэв өвчнөөс анагаадаг, бөөс хуурснаас салах, хөнжлийн даавуу хэрэглүүлдэг, шүд угаалгадаг, оо сойзтой болгохоос эхлүүлээд энэ ажил Монголд их сайн явсан. Одоо нүхэн жорлон, хүний биеэс ялгарч байгаа зүйлээ зөв зохицуулдаг болъё. Хүүхэд төрөхөд хамгийн түрүүнд живх бэлддэг. Ээж, аав нь түүнийг цэвэрлэж байдаг. Насанд хүрсэн хүн хүй нэгдлийн үе шиг газар ухаад суух нь хэдэн зууны өмнөх юмыг Монголд үргэлжлүүлээд байгаа юм. Гэтэл бүх орон үүнийгээ шийдсэн. Африкт шийдсэн байна. Африкт газар ухаад, бетонон суулгац байрлуулаад, тэндээ бие засаад, дүүрээд ирэхээр нь соруулж аваад өөр газарт хаядаг. Ингэхгүй бол тэр тив тэр чигээрээ хүнд байдалд орж байгаа. Монгол уудам газар нутагтай тулдаа л болж байна.

Ингэж хэчнээн явах вэ. Дээр нь утаандаа хордож хэчнээн явах вэ. Үүнээс болж бүхэл бүтэн үеийнхэн хүнд байдалд орж байна. Эндээс би нэг гаргалгаа гаргаж байгаа. Төв аймаг энэ дээр маш их туслах ёстой. Улаанбаатар Төв аймаг руугаа тэлэх хэрэгтэй. Хүн ирвэл хүнс нэмэгдэнэ гэж ярьдаг. Улаанбаатарын газрын түрээсээс манай аймгийн түрээс 10 дахин бага байна. Манай суманд ирж махны үйлдвэрээ байгуул. Арьс ширний үйлдвэрээ байгуул. Манай аймагт ирж тоосгоны үйлдвэрээ байгуул. Оёдлын үйлдвэрээ байгуул. Бид газар гаргаж өгье. Дэд бүтэц бий болгоод өгье гээд дуудаж байх ёстой. Монгол нэг хүнд ноогдох газраараа ийм баян мөртлөө нэг хэсэг газраа хурж цуглаад, бүгд хордоод сууж байна. Ингэж болохгүй. Манай бүх аймаг, ялангуяа Улаанбаатарт ойрхон байгаа Төв , Архангай, Өвөрхангай, Дархан, Сэлэнгэ, Булган аймаг бүгдээрээ энэ санаачилгыг гаргах хэрэгтэй.

Ингэж ажиллаад газраа л үнэтэй болгох хэрэгтэй байгаа юм. Хүндрэлээс гарах үндсэн нэг арга бол газар юм. Монгол газар гэж асар хосгүй баялагтай мөртлөө ийм ядуу байж болохгүй. Газрыг л үнэтэй болгох хэрэгтэй. Онгоцны шинэ буудал барьж байна гэхэд л тэр хавийн газар үнэтэй болдог. Дундговьд уртын дууны театр байгууллаа гэхэд тэр хавийн газар үнэтэй болдог. Газраа үнэтэй болгохдоо зөвхөн Монгол Улсын иргэн, зөвхөн монгол хүнд газар өмчлөх эрхийг олгох хэрэгтэй. Газраа зөвхөн монгол хүн монгол хүндээ зардаг байх хэрэгтэй.

Манай тусгаар тогтнол эмзэг шүү дээ. Тиймээс гадаадын хүн Монголд газар өмчлөх эрх байхгүй. гадаадын хүн монгол хүнээс газар худалдаж авах эрх байхгүй. Түрээсэлж болно. Тэр талбайг ашиглаж болно. Жинхэнэ эзэн болдог эрхийг л монгол хүнд өгмөөр байгаа юм. Улаанбаатарт нэг га газар өгдөг бол жаахан тэлээд ирэхээр хоёр га газрын эрхтэй. Бүр цаашаа том аж ахуй эрхлэх гэж байгаа бол гурван га ч болдог юм уу.

Монголд шаардаж гаргамаар нэг хууль бол Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, тэр газрыг баялаг болгох тухай хууль байгаа юм. Ингэж эргэлтэд оруулж чадах юм бол монголчууд бүгдээрээ эзэн болж, бүгдээрээ сайн сайхан амьдрах, өмчтэй болох нэг нууц энд байгаа шүү. Энэ эрдэнийн авдраа бид дэлгэлгүй л яваад байна. Дөнгөж тагийг нь дэлгээд л байгаа. Хууль эрх зүйн хувьд маш чанга, зөв хууль гараасай гэж бодож явдаг юм.

Өрийн асуудлыг манайхан ярьдаг. Ажиллаж байгаа газар нь өрөнд орохоор хүмүүс түүнд өртөөд байгаа юм. Аймгийн удирдлагатай та нар уулзахаар ингэж ярьж байгаа. Орон нутгийн хөгжлийн санд 5 тэрбум төгрөг төлөвлөсөн юм. Ажил төлөвлөөд компаниудаар ажил хийлгэчихсэн. Тэгсэн чинь 2 тэрбум төгрөг ирлээ. 3 тэрбум төгрөг ирсэнгүй. Ингээд бид өрөнд орчихлоо гэж байгаа. Тэр аймагт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд бүгд өрөнд орчихсон. Мөнгө орж ирнэ гэж бодоод мөнгөө гаргаад, зээл аваад ажил хийчихсэн. Гэтэл Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө нь 100 хувь орж ирээгүй. Үүнээс болоод бүх аймаг, бүх сум бүгдээрээ өрөнд орж байгаа. Тэнд ажилладаг бүх хүн өртэй. Аж ахуйн нэгжүүд ажиллаж чадахаа болихоор цалингаа авч чадахаа больж байгаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг бүрэн олгох, төлөвлөх нь маш чухал ажил. УИХ-ын гишүүн бүхэн миний үгийг сонсож, Сангийн яамаа шахаж, аж ахуйн нэгжүүдээ эхлээд өрнөөс гаргая. Аж ахуйн нэгжүүдээ өрнөөс гаргавал ажилладаг хүмүүс нь цалингаа аваад, орлоготой, ажилтай болоод өрнөөсөө гарна...